top banner

Сүхбаатарчууд нартай, хуртай сайхан наадлаа


2018-07-11 20:21:17
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 97 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүх 76 жилийн ой, үндэсний их баяр наадам хоёр өдрийн турш нартай, хуртай өргөн дэлгэр болж өнгөрлөө. Аймгийн баяр наадмаар хурдан моридын уралдаан ямар нэг маргаангүй, хүүхэд унаж бэртсэн асуудал гараагүй бол хорин настай залуу аймгийн арслан цол хүртэж, шинээр хоёр аймгийн мэргэн цолтон төрсөн онцлогтой наадам байлаа.

Сүхбаатар аймгийн удирдлагууд Монгол төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлсэнээр аймгийн баяр наадам эхэлсэн бол, хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол, шагналыг нь гардуулсанаар өндөрлөлөө.
Үндэсний сурын харваа хоёр насны ангилалаар явагдсан бөгөөд насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд залуу харваач  Г.Гүндсамбуу 40 сум тавьсанаас 23 онож, эмэгтэй төрөлд залуу харваач н.Бурмаа 28 онож тус бүр аймгийн мэргэн цолны болзол хангасан юм. Харин үндэсний шагайн харваанд 12 багийн 100 гау харваач оролцон цэц мэргэнээ сорьжээ. Багийн дүнгээр Баруун-Урт, Хэнтий аймаг, Уулбаян сумын харваачид эхний гурван байранд шалгарлаа.
Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар баяр наадмыг хааж хэлсэн үгэндээ “Нийт нутаг ганд нэрвэгдэж хүндхэн зуныг эхлүүлж байсан бол сүүлийн өдрүүдэд аймгийн нийт нутгаар хур бороо орж хүн малын зоо тэнийн, Сүхбаатарчууд баяр наадмаа сэтгэл тэнүүн сайхан тэмдэглэлээ. Аймгийн баяр наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулсан Баруун-Урт сумын ЗДТГ, салбар комиссынхон, нутгийн ард иргэд та бүхэндээ талархал илэрхийлье. Аймаг орон нутгийн удирдлагууд малчид ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө арилжааны болон экспортын чиглэлээр аймгийн хэмжээнд хадлан хадахыг бүрэн хориглож, гадны аймгаас ирж оторлох нүүдэлчдийн хөдөлгөөнд хорио тогтоосон зэрэг нь аймгийн баяр наадмын өмнө гарсан томоохон шийдвэрүүд байлаа. Мөн энэ жилдээ багтаж,  манай аймагт улс аймгийн хөрөнгө оруулалтаар нийт 13,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Зарим ажил нь эхлээд явж байна. Наадмын дараа намар гэдэг. Тиймээс одоо бид ирэх намар, өвөлдөө бэлдэх учиртай. Дулааны станцын өргөтгөл, цэвэрлэх байууламжийн шинэчлэл гээд томоохон төслүүд биднийг хүлээж байна. Эдгээр ажилдаа бид ханцуй шамлан орох болно.” гэлээ.
Т.Одончимэг

Монгол брэнд