top banner

Аймгийн заан Г.Хишигбат түрүүлж, аймгийн начин Б. Уртнасан үзүүрлэв


2018-07-12 16:46:44
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам Ховд аймагт 7-р сарын 10, 11-ний өдөр өргөн дэлгэр болж өндөрлөв. Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын харцага Г.Алтангэрэл, Монгол Улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн Монгол Улсын начин И.Мөнхбаатар нараар манлайлуулсан улсын цолтой 3 бөх, аймгийн арслан 9, аймгийн заан 4, аймгийн харцага 6, аймгийн нэмэх начин 2, аймгийн начин 24 нийт 256 бөх хүч үзэн барилдаж, наадамчин олноо баясгалаа.
Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Монгол Улсын харцага Г.Алтангэрэл Буянт сумын харьяат сумын заан Б.Сосорбарамыг, Монгол Улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн Чандмань сумын харьяат сумын заан Б.Базарсадыг, Алтай сумын харьяат аймгийн заан Г.Хишигбат Зэрэг сумын харьяат сумын заан Э.Балжиннямыг, Дөргөн сумын харъяат аймгийн заан Г.Ариунболд Дөргөн сумын харьяат сумын заан Л.Ням-Очирыг, Зэрэг сумын харьяат аймгийн харцага М.Ганзориг Манхан сумын харьяат аймгийн начин Б.Отгонцоожийг, Чандмань сумын харьяат аймгийн харцага Э.Эрдэнэбаяр Ховд сумын харъяат сумын заан Ж.Мухтарыг, Алтай сумын харьяат аймгийн нэмэх начин О.Очбат Дарви сумын харьяат сумын заан Б.Доржжүгдэрийг тус тус амлаж Эрдэнэбүрэн сумын харьяат аймгийн начин Ч.Заяатүшиг Үенч сумын харьяат аймгийн начин Б.Уртнасан нар тунан барилдав. Энэ даваанд  Чандмань сумын харьяат сумын заан Б.Базарсад, Дөргөн сумын харъяат сумын заан Л.Ням-Очир, Дарви сумын харьяат сумын заан Б.Доржжүгдэр, Ховд сумын харяат сумын заан Ж.Мухтар нар тав давж аймгийн начин цолны болзол хангалаа.
Буянт сумын харьяат сумын заан Б.Сосорбарам 6 давж аймгийн харцага цолны болзол хангасан юм. Хүчит бөхийн 7-ийн даваанд Алтай сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн заан Г.Хишигбат, Зэрэг сумын харьяат аймгийн харцага М.Ганзоригийг, Үенч сумын харъяат аймгийн начин Б.Уртнасан, шинээр харцага цолны болзол хангасан Буянт сумын харьяат сумын заан Б.Сосорбарам нар тунан барилдав. Энэ даваанд аймгийн заан Г.Хишигбат, аймгийн начин Б.Уртнасан нар урамтай сайхан барилдаж үзүүр түрүү булаалдан уран мэхийг уралдуулан барилдсанаас Алтай сумын харьяат аймгийн заан Г.Хишигбат түрүүлж аймгийн арслан цол, Үенч сумын харьяат, аймгийн начин Б.Уртнасан үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. улгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, аймгийн баяр наадамд Алтай сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн заан Гансүхийн Хишигбат түрүүлж аймгийн арслан цол, Үенч сумын харьяат Ховд бөхийн дэвжээ MGO транс ХХК-ийн бөх аймгийн начин Баатарын Уртнасан үзүүрлэж  аймгийн заан цолны болзолыг тус тус хангав. Энэ жилийн бөхийн барилдааныг Үндэсний бөхийн жаяг дэгийн баг амжилттай зохион байгуулсан бөгөөд Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд хүч үзэн барилдаж наадамчин олноо баясган шинээр аймгийн начин, харцага, заан, арслан цолны болзол хангасан бөхчүүдийн цол, шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. Ийнхүү Ховд аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанаар аймгийн начин 4, аймгийн харцага, заан, арслан цолтой бөхчүүд төрөн гарч олон ястны өлгий Ховд нутгийн зон олон сайхан наадлаа. 
А.Бямбасүрэн

Монгол брэнд