top banner

Үндэсний их баяр наадмаар шинэ төрсөн гавьяатуудад хүндэтгэл үзүүлэв


2018-07-12 17:33:35
Зураг
Ховд/МОНЦАМЭ/Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн Үндэсний их баяр наадмаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгаас төр нийгмийн ахмад ажилтан Дамбийн Ширэндэв Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, Хөдөө аж ахуйн ахмад ажилтан, зоотехникч Раяханы Хасимхан МАА-н системийн гавьяат ажилтан  цол хүртсэн бахдам сайхан амжилтаар Ховд аймаг нь Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байна.

Аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагад 27 наснаасаа удирдах албанд томилогдсоноос хойш төрийн захиргааны байгууллагад 40 гаруй жил ажилласан Төр нийгмийн ахмад ажилтан Д.Ширэндэв гуайн хувьд Улсын бүртгэлийн газарт анхны доктор нь болж эрдмийн цолоо хамгаалж байсан бол Улсын бүртгэлийн газрын түүхэн 70 жилийн хугацаанд салбарынхаа анхны гавьяат гэсэн нэр хүндтэй шагналын эзэн болж байгаа юм. Түүнчлэн Ховд аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллага болох хурлын байгууллагаас төрөн гарч байгаа 3 дахь гавьяат нь болж байна. Харин Р.Хасимхан гуайн хувьд ХАА тэр дундаа мал аж ахуйн салбарт  47 жил ажилласан амжилтаар  Ховд аймгаас анхлан МАА-н системийн  гавьяат ажилтан гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртжээ. Нутаг усныхаа нэрийг улс эх орондоо гаргаж Ховд аймгаас төрөн гарсан гавьяатуудын тоог 102-д хүргэсэн эрхэм 2 гавьяатын нэрийг дуурсган Ховд аймгийн үндэсний их баяр наадмын төв цэнгэлдэх хүрээлэнд аймаг орон нутгийн удирдлагууд мөн хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ. Мөн Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлийн хамт олон Монгол улсын гавьяат цол хүртсэн Д.Ширэндэвд баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган төр түмнийхээ төлөө олон жил хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн нэр бүхий хүмүүс Монгол улсын ерөнхйилөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсаныг аймаг орон нутгийн удирлагууд гардуулан өгч баяр хүргэсэн юм. Тухайлбал, "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Ч.Бадамхорлоо, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Ө.Баатаржав, "Алтан гадас одон"-гоор Алтай сумын иргэн З.Цэдэнбямба, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч П.Алтанцэцэг, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Жаргалант сумын иргэн Д.Байгальмаа, "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр ХИС-ийн багш Х.Болдбаатар,
Монгол улсын Засгийн газрын шагнал Монгол улсын "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр Б.Ууганзаяа, Монгол улсын "Онц тээвэрчин" цол тэмдэгээр Б.Ганочир нар тус тус энгэрээ мялааж Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр хүндтэй шагналаа гардан авлаа. 
 
                                                                                                                                           А.Бямбасүрэн

Монгол брэнд