top banner

Хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар 40 мэргэжилтэн ажиллаж байна


2018-07-12 19:00:08
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. НЗДТГ, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (НГБХЗХГ), ЗЦА хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.

НГБХЗХГ-ын Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ж.Батсайхан “Энэ жилийн наадмын өсвөр насны хүүхдийн барилдаанд 128 бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон. Тэмцээн, уралдаанд оролцож буй хүүхдүүд, наадам үзэж буй хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах чиглэлээр 40 гаруй мэргэжилтэн хяналт тавин ажиллаж байна. Мөн хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхчүүдийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвч тарааж, анхааруулга, зөвлөгөө, мэдээлэл өгөв. Одоогийн байдлаар уралдааны үеэр  унаач хүүхэд  бэртэж, гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй. Хүүхдийг эцэг, эх нь хамгийн ихээр нандигнаж, хайрладаг. Таниас өөр хэн ч хүүхдийг чинь хайрлаж, хамгаалахгүй. Тиймээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.


Баг насны хүүхдийг эрхийг хангах чиглэлд эцэг, эхчүүдэд хуулиар хүлээсэн тодорхой үүрэг, хариуцлага бий. Уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд “108” дугаарын утсаар гомдол, санал хүсэлтийг нь хүлээн авч байгааг НГБХЗХГ-ын мэргэжилтнүүд онцлов.

Мөн Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Зоригтбаатар, “Өдрийн 17 цагийн байдлаар 12 хүүхэд төөрсөнийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Одоогоор онц ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна” гэлээ.

Мөн наадмын талбайд БОАЖЯ, Монголын оюутны холбоо хамтран “Хоггүй сайхан наадацгаая” уриан дор  “Ногоон паспорт” аяныг зохион байгуулж байна.  Энэхүү аянд их, дээд сургуулийн 100 гаруй оюутан оролцож байгаа бөгөөд 70 гаруй оюутан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд, 20 гаруй оюутан Туул голын орчимд  байгаль орчноо хайрлан хамгаалах, наадамчин олонд хог хаягдлаа зориулалтын саванд хаяхыг уриалж байв  Энэ талаар ШУТИС-ийн оюутан Т.Энххүү, Б.Зундуй-Содном нар, “Наадмын 5 өдрийн турш “Ногоон паспорт” аян үргэлжилнэ. Эхний 2 өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор, дараагийн 3 өдөр нь Тэрэлжид ажиллана. Бидний уриалгыг наадамчин олон эрегээр дэмжин хүлээн авч байна” гэлээ. 
Мөн “ЭТҮГЭН” сургуулийн оюутан Ж.Даваа-Цэрэн, П.Уянга нар, “Нэг үеэ бодвол хүмүүс ил задгай хогоо  хаях нь багассан байна гэлээ.
Б.Содгэрэл

Монгол брэнд