top banner

"Өндөр гэгээн" дуулалт жүжгийг Орхонд тоглоно


2018-07-14 10:41:41
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжиг  өнөөдөр буюу 7 дугаар сарын 14-нд  Орхон аймгийн соёлын ордонд үзэгчдийн хүртээл болно.
Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч УГЗ Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явц жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч 3 дугаар сард Завхан аймгийн театрт болж байв. 

Өндөр гэгээн гэдэг хүн Монголд ямар хувь нэмэр оруулсан, шашин талаасаа ямар мэдлэг боловсролыг түгээж байсан, урлаач, уран бүтээлч хүний хувьд ямар гайхамшигтай хийцүүдийг өв болгон үлдээсэн зэргийг уг жүжгээс мэдэх боломжтойгоос гадна Занабазар бага наснаасаа буддын сургааль номд шамдан сурч шашны номыг дэлгэрүүлэн олон түмний сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлж аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх үндэсний эв эеийг эрхэмлэн эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахыг эрхэмлэж явсныг хувь хүнийх нь талаас нээн үзүүлжээ.

Халхын тамгатай 13 хутагтын 10 нь мэндэлсэн Завхан аймагт анхдугаар Богд Жавзандамба хутагтын гэгээн дүрийг амилуулсан тус жүжиг нутгийн иргэдээс өндөр үнэлгээ авсан төдийгүй зохиолч, яруу найрагч Ц.Бавуудорж тус бүтээлээрээ Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит шагналыг хүртсэн бол “Гэгээн муза 2018” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагчийн шагналыг Төрийн соёрхолт Т.Наранбаатар, шилдэг эрэгтэй гол дүрээр Ч.Лхагвадорж, шилдэг эрэгтэй туслах дүрээр Б.Сандуйжав  нар “Гэгээн муза” гардсан юм.

Ж.Болор


Монгол брэнд