Бельгичүүд Английн шигшээ багийг 2:0-ээр хожиж, ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-07-15 00:01:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр Москвагийн цагаар 17 цагт /Улаанбаатарын цагаар 22 цагт/ Санкт-Петербург хотноо Англи болон Бельгийн шигшээ багийн халз тулаанаар эхэлж, бельгичүүд 2:0-ээр хожиж, ДАШТ-ий хүрэл медалийн эзнээр анх удаагаа тодорлоо.

Англи болон Бельгийн шигшээ багууд өмнө нь хоорондоо 22 удаа тоглосон байна. Хоёр баг ДАШТ-д дөрөв дэх удаагаа тааран тоглож буй ч энэ ДАШТ-д хоёр дахь удаагаа учраа тааран тоглоно. Өмнө нь хэсгийн шатанд тоглон, Бельгийн шигшээ 1:0-ээр хожин хэсгээсээ нэгээр шалгарсан юм. Сонирхолтой нь хэсгийн шатанд хожсон Бельгийн шигшээ түүхэндээ хоёр дахь удаагаа Английг хожжээ. Өмнө нь 1936 онд 3:2-оор Бельги нөхөрсөг тоглолтод Английг хожсон байна. Англичууд 15 удаа Бельгийг хожиж, таван удаа тэнцжээ. ДАШТ-д Англичууд 1954 болон 1990 онд хожсон юм.

Англи ДАШТ-ээс хоёр дахь медалиа зүүх үү, Бельги анхны хүрэл медалиа хүртэх үү? гэдгийг энэ үдэш Санкт-Петербург хотноо болж буй тоглолт харуулах байлаа.

“Санкт-Петербург” цэнгэлдэхэд болсон энэ тоглолтын 4 дэх минутад Бельгийн довтлогч Томас Менье, Насер Шадлигийн дамжуулалтаар гоол оруулснаар 1:0-ээр тэргүүлж эхэлсэн юм.



Улмаар хоёр багийн тулаан 79 минутын турш үргэлжилсэний  эцэст Эден Азар 83 дахь минутад Де Брейнегийн дамжуулалтаар хоёр дахь гоолыг оруулж ялалтаа бататгасан юм.

Ийнхүү үлдсэн 10 хүрэхгүй минутын дотор 2 гоол оруулах том үүргийг Английн шигшээ баг хүлээсэн боловч нэг ч гоол оруулж чадалгүй цаг өндөрлөв.

 

Д.Өлзий

Холбоотой мэдээ