top banner

Онцын шаардлагагүй бол Дархан, Сэлэнгийн замд гарахгүй байхыг санууллаа


2018-07-16 14:18:38
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Дарханаас Сэлэнгэ чиглэл рүү зорчдог зам өнөөдөр үерт автаж зорчих хэсэг хязгаарлагдсаныг  Замын цагдаагийн албанаас анхаарууллаа. Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах “Урьхан” зоогийн газрын урд буюу Улаанбаатар хотоос 103 км-т бороо их орсны улмаас өнөөдөр 13.30 цагийн үед бууж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд энэ чиглэлд авто замыг сонгож зорчихгүй байх, аялалд гарах хугацаагаа түр хойшлуулах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн бороо зогссоны дараа Төв аймгийн зам засвар, арчлалтын газраас тус авто замыг яаралтай засварлаж хэвийн байдалд оруулна гэж ЗЦА-аас мэдээллээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ, ЗЦА-аас  тус тус анхааруулж байна.

Ж.Батсайхан


Монгол брэнд