Гэрэлт гудамжны үйл ажиллагаанд хяналт тавьжээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-07-17 14:40:50
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан ажлын хэсэг хуваарийн дагуу энэ сарын 13-ны өдрийн 20:30 цагаас 00.00 цагийн хооронд Гэрэлт гудамжны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн байна.

Шалгалтаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 7 аж ахуйн нэгж, зөрчилтэй 2 аж ахуйн нэгжийн  бичиг баримтыг хураан авчээ. Мөн гэрэлт гудамжны ногоон байгууламжийг гэрэлтүүлэх зорилгоор хийсэн гэрлэн чимэглэлүүдийн ихэнх нь ажиллахгүй, сандал, хогийн савнууд бэхэлгээгүй байжээ. Улмаар сонгон шалгаруулалтад ороогүй аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө болох хогийн сав, сандал, гэрэлтүүлэг, баримал  зэрэг нь эзгүйдсэн, арчлалт хамгаалалтгүйгээс эвдэрч, алга болжээ.

Дийлэнх хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хуушуур хайрч, шорлог хийж утаа гаргасан, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хоорондын зай хэт ойрхон байгаагаас эмх цэгцгүй байх, иргэдийн ая тухтай үйлчлүүлэх орон зай маш бага, ажилчдын хувцас бүрэн жигдрээгүй, энгэрийн тэмдэггүй, хаяг тодорхой бус, цахим баримт буюу НӨАТ-ын урамшуулалт сугалааны баримт олгох пос машин байрлуулаагүй, баримт өгдөггүй зэрэг зөрчил илэрсэн байна.
 
Б.Заяа


 
Холбоотой мэдээ