"Хохирлоо барагдуулаад гэртээ харъя" аянаар 36 сая төгрөгийн төлбөрийг хохирогчид шилжүүлжээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-07-17 15:08:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Хохирлоо барагдуулаад гэртээ харья-2018” сэдэвт 120 хоногийн аяныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа нийт хорих ангиудын хэмжээнд зургадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өрнүүлсэн юм. Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн тус арга хэмжээнд хурандаа Б.Нямгомбо даргатай Хорих 415 дугаар анги оролцож ял эдэлж байсан 11 хоригдлын ар гэрээс 36.450.276 төгрөгийн төлбөрийг хохирогчид шилжүүлсэн байна.
Үүнээс арван хоригдлын 29.447.319 төгрөгийн хохирол бүрэн төлөгджээ.  Ялтныг үнэлгээ ажлын байраар хангах ажлын хүрээнд ангийн үйлдвэр, гар урлалын хэсэг, уурхайд хохирол төлбөртэй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 65 хоригдлыг ажиллуулсан байна. Тэдний цалингаас нь суутгал хийх замаар хохирол төлбөр, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулж ажиллажээ.
Үүний үр дүнд аяны хугацаанд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 18 хоригдлын таван сая 260 мянган төгрөгийн нэмэгдэл ял бүрэн биелж баталгаажсан байна. Мөн Хошууч Г.Амгаланбаатар даргатай Хорих 417 дугаар ангиас  нэмэгдэл ялтай болон, хохирол төлбөртэй 35 хоригдлын судалгаа, тэдгээртэй ажиллах ажлын төлөвлөгөөг гаргаж төлбөрөө төлөх талаар бүлгээр болон ганцаарчлан уулзаж ярилцжээ. Энэ үеэр төлбөртэй хоригдлын ар гэртэй холбоо тогтоон хамтран ажилласнаар нийт таван ялтны гэм хорын төлбөр болох найман сая 559 мянган төгрөгийг барагдуулан хохирогчид шилжүүлж, нэмэгдэл ялтай нэг ялтны 100 мянган төгрөгийн ялыг биелүүлсэн аж. Түүнчлэн хурандаа П.Мөнхгэрэл даргатай Хорих 403 дугаар ангиас 18 ялтны 3.201.990 төгрөгийн хохирлыг хохирогчид төлүүлж, нэмэгдэл ялтай гурван ялтны 628.400 төгрөгийн ялыг биелүүлжээ. Энэ сарын 5-н хүртэл амжилттай болж өндөрлөсөн тус аяны хүрээнд нийт 34 ялтны 48.211.266 төгрөгийн хохирол бүрэн төлөгдөж, 22 ялтны 5.988.400 төгрөгийн нэмэгдэл ялыг биелүүлэн ажилласан байна гэж ШШГЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ