Буриад түмний магтуу ба "Алтаргана - 2018" наадам

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2018-07-17 19:13:11
  1. БОРООТОЙ ӨГЛӨӨ
Пүрэв гаригийн өглөө ОХУ-ын Эрхүү хотод бороо орж байв. Цүнхэнд минь “Алтаргана - 2018” гэсэн нэр бүхий тэмдэглэлийн дэвтэр, үзэг, дуу хураагуур, мандат зэргээс өөр зүйл байсангүй. Угаас надад өөр хэрэгтэй зүйл үгүй боловч ганц шүхэр ч болов аваад гардаг байж хэмээн бодож билээ. Бороо хэдийн ширүүсэн асгарах боловч Ангар мөрөн зөөлөн давалгаалж урсах нь нэн сонихон санагдана. Жаахан аадар цутгачихвал эрчилсэн давалгаа үүсгэж үерлэх Туулын араншингаас ондоо ажээ.

Сэтгүүлчид хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Алтаргана -2018” 13 дахь удаагийн их наадмыг сурвалжилахаар ОХУ-ын улсын Эрхүү хотын бороо өглөөг ийнхүү угтаж байна. Би ч мөн адил.

1994 онд Буриад түмний соёлын их наадам “Алтаргана” нь Хэнтий аймгийн Дадал суманд “Буриад дууны уралдаан” нэртэйгээр анх зохион байгуулагдаж байсан бөгөөд өдгөө олон улсыг хамарсан Буриад түмний ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болон өргөжсөн байна.

Урлаг соёлын 14, спортын 6 тэмцээн зохион байгуулагдах тус наадам энэ жил ийнхүү ОХУ-ын Эрхүү хотод болохоор товлогдсон бөгөөд наадмын хүрээнд явуулах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж буй боловч нээлтийн ёслолыг хоёр дахь өдрийн 18:00 цагт “Труд” цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болсон байв. “Алтаргана-2018” наадмын үеэр “Дангина” гоо бүсгүйн тэмцээн, “Буриад дээл: Уламжлал, орчин үе” загварын тэмцээн, “Буриадын нэг өдөр” ардын аман зохиолын наадам, “Нангинбуус” буриадын ахуй амьдрал, аж ахуйн практикийг харуулсан үзүүлэн, Буриадын ардын болон эстрадын дуучдын тэмцээн, яруу найраг, өгүүлэхүйн урлаг, сур харваа, бөхийн барилдаан, морин уралдаан, шагайн наадгай, сээр цохих тэмцээн болон гоёл чимэглэл урлах үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүд болж буй юм. Мөнхүү “Буриадын соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан”-гийн, олон улс судлалын профессор С.Билэгсайхан 13 дах удаагийн “Алтаргана” наадамд 68 орон хамтран ажиллаж, оролцож буйг онцлон дурдсан юм.



Эзэн Чингисийн нагац нар нь буриад гэдэг нь нотолшгүй үнэн агаад зээ нь болох дэлхийн их хаадууд Ази, Европын соёл, түүхтэй  салшгүй холбоотой учир буриадуудын нүүдэл суудал, үүх түүх нь уудам орон зайд оршдог. Олон оронд тархан суурьшсан буриад ястангууд хэрхэн хоорондоо уусан нэгдэж, үндэсний уламжлалт үнэ цэнэтэй зүйлсийг хамгаалж үлдэх, цаашид түгээн дэлгэрүүлэхийг мэдэхгүй байх цаг үед “Алтаргана” наадам улам л хүрээгээ тэлсээр байсан санагдана. “Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан” ч үүн дээр анхааралтай ажиллаж тэднийг хооронд нь нэгтгэж, олон улсын хамарсан томоохон баяр наадмыг амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ.

Магадгүй “Алтаргана” наадамд зочилж оччихоод үзэх зүйл алга байна гэж хэн нэгэн хэлбэл тэр хүнд угаас энэ амьдралаас үзэх юу ч үлдээгүй гэдэгт итгэж болно. Учир нь наадмын эхний өдрөөс л уралдаан тэмцээн бүрийг очиж үзэх боломжгүй гэх хүнд асуудалд толгой өвтгөж эхэлсэн юм. Учир нь урлаг соёлын 14, спортын 6 тэмцээн Эрхүү хотын томоохон соёлын орднууд болон, цэнгэлдэхийн талбайд яг нэгэн цагт эхэлж байв.

“Алтаргана” наадам ардын дипломатыг хөгжүүлж, улс хоорондын итгэлцлийг үлгэрлэн бий болгож, хөрш орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан үйл явдал болж буй юм.



“Труд” асарын үүдээр “Иркутск”, “Байкалу” гэсэн бичиг бүхий шаазан хонх, далайн хав, ваар, чулуун зүүлтнүүд, амтат жигмэнэг, оросын уран бүтээлчдийн урласан хувцас, буриад түмний ёс заншил, уламжлал, хэл соёлын тухай өгүүлсэн ном зэрэг зүйлс тус тусын асарт худалдаалагдана. Наадам үзэхээр ирсэн жуулчдын ихэнх нь тэдгээр асруудын нэгнээс өөрт дурсгал болж үлдэх үнэтэй бэлгийг сонгоцгооно.

Яг л энэ үеэр Эрхүү хотод бороо гэнэт асгарсан шигээ хурдан арилж тунгалаг өглөөний нар үүлс цоочиж гэрэлтүүлсээр гарч ирэв. Даарч чичрэн зогссон бусад сэтгүүлчдийн нүдэнд ч бас нартай хамт гэрэл гийхийг үзэхэд нэн таатай.
 
  1. НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ОРОЛЦСОН НЬ
13 дах удаагийн “Алтаргана - 2018” наадмыг зорих зам аниргүй бөгөөд алс хол байсан билээ. Харин одоо “Труд” цэнгэлдэхийн баруун жигүүр цугласан дэлхийн олон арван иргэдийн нэгэн эд эс, наадмын нээлтийг догдлон хүлээж буй хүмүүсийн дунд камераа зэхэн зогсч байна.

Дэлхий дээрх нийт буриадын тоо 500,000-аас дээш гарсан бөгөөд Хятад, Казах, Киргиз, Монгол, Узбек, Украин, баруун европын орнууд болон Өвөр Байгалийн хязгаар, Сибирийн уужим тал нутаг, Эрхүү муж, ОХУ-ын бүх нутаг 487,184, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэхээн, бүх Хятадын хэмжээгээр 10,000 гаруй, Монгол Улсын хойд хилийн дагуух болон бусад газарт 4,0620 тооны буриад үндэстэн таран суурьшиж байна. 

Энэ хугацаанд Агын буриадын үндэсний тойрог, Усть-Ордын буриадын үндэсний тойрог болон Орос улсын автономит эрхтэй 84 субъектийн нэг болж саяхан Эрхүү муж, Өвөр Байгалийн Хязгаарт эргэн нэгдсэн байна. Мөн БНХАУ-д амьдардаг буриадууд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн хоёр суманд амьдарч байснаа хоорондоо нэгдэх болсон сайхан мэдээнүүд ар араасаа цуварсаар наадмын нээлтийн үйл ажиллагаатай золгов.



Эрхүү хотын засаг дарга Сергей Левченко, Буриад улсын ерөнхийлөгч Алексей Цыденов нар наадмыг нээж үг хэлсний дараа үйл ажиллагаанд оролцож буй буриад үндэстнийг төлөөлөн “Республика Бурятия” буюу эхний жагсагчид “Труд” асарт орж ирэв. Тэдний араас “Үбэр байгалай хизаар”, “Агын Буряадай”, “Агын аймаг”, “Хятад улс, Өвөр монгол”, “Монголия” зэрэг бичиг бүхий пайз барьсан жагсагчид цэнгэлдэхэд орж ирэв. Тэд бүгд өөрсдийн зан заншил, өвөрмөц содон ахуйг бэлгэдсэн хээ угалз бүхий үндэсний хувцсаар ижилдэн гоёжээ. Энэ үеэр улбар шар, улаан өнгөтэй хувцас өмсч, мөн өнгийн туг барьсан буриад, орос хүүхдүүд замын хажуугаар жагсан зогсоно.


Хөтлөгч “Хун шубуун гарбалтай, Хуhан модон сэргэтэй” хэмээн чангаар уншина. Энэхүү мөрүүдийн сонсох бүрт буриад зоны түүх бүрэн бүтнээрээ багтсан мэт санагдана. Талбайд алтан шаргал өнгөөр бүрж төмөр зангидаж хийсэн алтан харганыг залж байна. Зүүн жигүүрт “Алтаргана” хэмээн мөнгөлөг саарал өнгөөр бичиж залсан нь хэн бүхний нүдэнд тод тусна. Түүний доор зуун гаруй тооноос бүрдсэн хүмүүс цэнхэр өнгийн давуугаар биеэ халхлан зогсож давалгаа үүсгэж байв. Тэд талбайн төв гүйлдэн ирэхэд бүжигчин залуус дундуур нь орж сэлэх байдлаар тоглолт үзүүлэв. Мэдээж Байгаль далайг бэлгэдсэн хэрэг. Бүжигчид биедээ анчин баавайн үр сад гэдгийг далд утгаар илэрхийлэх мэт чонын арьс нөмөрчээ.

“Тэрэ арбан нэгэн хүбүүдэй нь нэрэнүүд: Галзууд, Харгана, Хуасай, Хүбдүүд, Батанай, Шарайд, Бодонгууд, Худай, Гушад, Сагаан, Хальбан эдэ булта хун шубуун гарбалтай Хориин арбан нэгэн эсэгэ болоһон юм”. Хажууд зогсч байсан буриад эмгэн залуухан орос эмэгтэйд өөрийн зон олны уг гарвалын тухай домгийг хуучилж зогсоно. Үүнтэй зэрэгцэн наадмын талбайд Байгаль далайн сүлд дууг дуулснаар нээлтийн ажиллагааг өндөрлүүлэв.

Ийнхүү “Труда” цэнгэлдэх хүрээлэнд нийт 15 мянган гаруй үзэгч энэ үеэр цуглаж уг наадмыг үзэж сонирхлоо. Наадамд орос, монголын буриад зоны 1000 гаруй төлөөлөгч оролцож, авьяас билгээрээ өрсөлдөхөөр болов.











“Алтаргана” наадмын хөдөлгөөн анхнаасаа ард түмний дундаас “захиалгаар” үүсэн гарч, жирийн иргэд хоорондын харилцааг тогтоож, орон орны хүмүүсийн харилцан ойлголцол, түншлэл, найз нөхөрлөлийг бий болгож буйгаараа ихээхэн онцлогтой. Тус наадмыг ОХУ дэмжиж ажилладаг. Учир нь энэхүү наадам хил хоорондын харилцааг шинэ түвшинд гаргасан юм.

Дэлхийн олон оронд амьдарч буй буриад түмний “Алтаргана” наадам нь буриад түмний төдийгүй монгол туургатны хүсэн хүлээдэг олон улсын хэмжээний хил хязгааргүй, Монголоо гэсэн наадам болж чадсан нь нээлтийн үйл ажиллагаанаас харагдаж байв. Энэ нь Монголын ард түмэн дэлхийн глобалчлалд өөрийн гэсэн өв уламжлал, хэл соёлоо нэр төртэйгээр авч ороход тодорхой хувь нэмэр оруулж буйд эргэлзэлгүй итгэнэм.
 
  1. ТЭРГҮҮН
Нээлтийн үйл ажиллагааны дараа “Алтаргана - 2018” наадмын ерөнхий зохион байгуулагч “Буриадын соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан”-гийн, олон улс судлалын профессор С.Билэгсайхантай уулзаж ярилцав.



-“Алтаргана - 2018” 13 удаагийн наадам болж байна. Анх уг наадмыг хэрхэн санаачилж өнөөдрийн түвшинд авчирсан бэ?

-Санаачлагч нь буриад зон юм. Харин бид дэмжиж ажилласан. Өөрсдийн үүх түүх, өв уламжлалыг хадгалж үлдэх, цаашид дэлгэрүүлэх нь бидний зорилго байсан. Буриадуудын ирээдүйд санаа зовсон хэн бүхэн 1993 оны хавар Төв аймаг, Багануурын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан буриад дуу, бүжгийн “Улаалзай” наадмыг дэмжиж манай сангийн анхны гүйцэтгэх захирал Г.Батцэрэн идэвхтэй оролцон зохион байгуулалцаж байсан. Мөн 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд “Буриад дууны уралдаан” нэртэйгээр анх зохион байгуулагдаж байсан. Тэндээс анх шинэ түүх, шинэ нүүдэл эхэлж өдийг хүрсэн юм.

-Энэ жил тус наадамд хэдэн орны тамирчид, уран бүтээлчид оролцож байна вэ?

-Наадамд алсын орнуудаас буриад зон ихээр зорин ирж оролцдог. Энэ удаагийн наадамд Монгол, Польш, Франц, Чех зэрэг орнуудад аж төрөн суугаа буриад зон мөн ОХУ-ын Москва, Уллан-Үд, Чита, Эрхүү, Новосибирск, Томск зэрэг хотууд болон Армен, Киргиз, Якут, Казахстан, БНХАУ-ын Шинэхээнээс буриадууд зорин ирсэн байгаа. Тэдний зарим нь элгэн нутагаа харах, тэмцээнд оролцох, наадам үзэх гэсэн олон өөр зорилгыг тээсэн байгаа.

-Өнөөдөр Буриадын олон улсын зураачдын үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн. Наадмын эхний өдөр энэхүү үзэсгэлэнг нээсэн нь ямар онцлогтой вэ?

-Наадмын эхлэлд буриад зоны ахуй амьдрал, ёс заншил, түүх, хэл соёлын уламжлал, гавьяат үйлстэй алдартнуудын тухай гадны дотны зочид төлөөлөгчид мэдэж байх ёстой болов уу гэсэн үүднээс үзэсгэлэнг нээсэн. Мөнхүү наадмын энэ өдрүүдэд үзэсгэлэн нээлттэй гарч байх нь зүйтэй гэж санасан.

-Буриадууд дэлхийн хэдэн оронд тархан суурьшсан байдаг вэ?

-Буриадууд дэлхийн 30 оронд сууршин аж суудаг.



-Энэ жилийн наадмын онцлогын талаар яриач?

-Энэ жилийн наадамд 68 улс орон оролцож байгаа. Энэ бол маш том тоо. Мөнхүү “Алтаргана-2018” наадам нь 62 орон багтаадаг Евро Азийн ард түмнүүдийн Ассамблейн албан ёсны арга хэмжээ болсноороо онцлогтой. Эрхүү хотноо наадмын хүрээнд “Евро Азийн орнуудын жижиг дунд үйлдвэрийг туршлага” дугуй ширээний ярилцлага хүртэл өрнөж байна. Буриадын уламжлалт өв соёл, хэв маяг, үндэсний спортын төрөл, тоглоом, наадам, буриад ардын хэл, аж амьдралын хэв маяг, ёс заншлыг сахин хамгаалах, сэргээн хөгжүүлэх, өвлүүлэн уламжлуулах үйл явцад бүх талын дэмжлэг үзүүлэхэд тус наадмын үндсэн зорилго оршино.

-Эх орныхоо зовлонг үүр явсан, үүрсээр яваа түмэн гэж буриадуудыг тодотгон ярьдаг. Та энэ ард түмнийг нэг өгүүлбэрээр тодорхойлж хэлээч?

-Буриад түмний уламжлалт ёс заншил, хэл соёл нь монгол түмний түүхийн хуудсыг баяжуулсан уудам орон зайд оршин байдаг учраас энэ ард олон эх орныхоо төлөөх амлалтанд хэзээ үнэнч байсаар ирсэн.
 
  1. ТЭМЦЭЭН
Урлаг соёлын 14, спортын 6 гээд нийт 20 төрлийн тэмцээн, уралдаан дөрвөн өдрийн туршид Эрхүү хотод амжилттай зохион байгуулагдлаа.  Уншигчдад голлох тэмцээнүүдийн талаар тоймлон хүргэж байна.

Буриад бөхийн барилдаан

Буриад бөх дээгүүрээ далбай өмсдөггүй бөгөөд шуудаг дагуу биеэ бүсээр ороон барилддаг байна. Бөхчүүд барилдахаар гарахдаа гуяа хоёр удаа хүчтэй алгадан гүйж гардаг нь “үнэн сайхнаар барилдая” гэсэн утга илтгэдэг байна.  

Ингээд “Буриад бөхийн барилдаан”-д Агын буриадын бөх Балдан Цыжипов түрүүлж мөнгөн шагнал, автомашины эзэн болов. Тэрээр “Нийт буриад зоныхоо наадамд түрүүлсэндээ баяртай байна. Та бүхэн минь сайхан наадаарай. Бид эв нэгдэлтэй байж энэ үндэстний хэл соёл, уламжлалт заншлыг хамгаалж явах учиртай юм шүү” хэмээлээ. Тэрээр Оросын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний олон удаагийн ялагч бөгөөд спортын мастер юм.



Морин уралдаан

Уралдаанд 97 хурдан морь оролцсон байна. Түүнээс Фрэдрих Бальтуев уяачийн Кардифф нэртэй морь түрүүлэв. Торгон жолоо өргүүлсэн уг хурдан хүлэгт Эрхүү хотын засаг дарга Сергей Левченкогийн тусгай шагнал болох “Chevrolet Niva” маркийн машин өгсөн юм.

Дангина

Гоо бүсгүй шалгаруулах “Дангина” уралдаанд орос, буриад үндэстнүүдийн 23 мисс өрсөлдсөн юм. Тэд өөрсдийн үндэсний хувцсаар гангарч, аж ахуйн ажилд хэрхэн оролцож, аав ээжийгээ хүндэтгэн асарч буй бичлэгийг хлограммаар үзүүлж буриадаар шүлэг хэлэн мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тайзны алхалт, хувцаслалт, дуулах авьяас, асуултанд хариулах зэргээр хоорондоо өрсөлдсөн юм.

Тэргүүн байрыг Эрхүү мужийн гоо бүсгүй Даниловой Анастасин Васильевне хүртэж 100 мянган рублийн эзэн болов.
 







Хэл соёл


Аялгуу сайхан буриад хэлийг түгээн дэлгэрүүлж, хайрлан хамгаалах зорилготой яруу найргийн наадам, “Алтан цаг” сэтгүүлчийн тэмцээн зэрэг болсон юм.

Ийнхүү дүн гарахад яруу найргийн төрөлд Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул яруу найрагч Ж.Баярмай “Буриад нутаг” шүлгээрээ тэргүүлэв. Харин эссэ бичлэгийн уралдаанд Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Энхжаргал тэргүүн байрыг хүртсэн бол сэтгүүлчдийн уралдаанд Г.Түмэнбаяр дэд байр эзэлжээ.



Кино наадам

Олон Улсын "Алтаргана "наадмын “Баримтат уран сайханы киноны төрөл” маш чухал билээ. Эндээс шалгарсан бүтээлүүд дэлхий даяар түгж, буриад түмний өв соёл, зан заншлыг дэлхий нийтээр түгээн дэлгэрүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулдаг гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.  

Тэргүүн байр: Найруулагч А.Энхтайван “Дангина”
Дэд байр: МУСЗ, найруулагч Г.Золжаргал “Боргоцой хүү”
Гутгаар байр: “Дорнод ТВ”-гийн сэтгүүлч Б.Туяа “Сагаалган” кино тус тус шалгарчээ.  


 
Нангин бууса

Энэхүү уралдаан нь хөдөө аж ахуй эрхлэгчид, малчдынхаа өнөөгийн байдлыг мэдэж бусдад үлгэр жишээ болох мад аж ахуй эрхлэгчдийг алдаршуулах, олон нийтийн анхаарлыг уламжлалт ахуй соёл, нүүдлийн аж амьдралд хандуулахаас гадна хувийн аж ахуй эрхэлж байгаа хөдөөний малчдад мэдээллийн шинэ онол аргуудыг танилцуулах, цахим орчин, интернэтээр хангах, аж амьдрал, аж ахуй эрхлэхэд нь хэрэгцээт зүйлээр хангахад туслах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Тэргүүн байрт: Буриад улсын Тирренов Сине
Дэд байрт: Эрхүү мужийн Осуноуева Виктория
Гутгаар байрт:, Байгалийн нөөц нутгийн Дондоков Бейр нар тус тус шалгарав.

“Буриадын нэг өдөр” ардын аман зохиолын хамтлагийн уралдаан

Тус уралдаанд ОХУ болон Буриадын бүс нутгийн 27 баг оролцов. Үүн дотроос дараах 4 багийг шалгаруулсан байна.

Тэргүүн байр: Забайкальская Край, Агинскийн дүүрэг “Урса” баг
Дэд байр: БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Наяа Нава” баг
Гутгаар байр: Монгол Улсын Хэнтий аймаг “Хүрээ тооно” баг
Дөтгөөр байрийг Эрхүү муж, Осинский дүүрэг, “Эрхэмэл” баг тус тус эзэлсэн байна.


Уран зургийн үзэсгэлэн

Тус үзэсгэлэн уралдаан нь гэрэл зургаар дамжуулан буриад зоны ахуй амьдралыг илтгэн үзүүлэх, ёс уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байв.

“Миний нутаг” сэдвийн хүрээнд шалгарсан зурагчид:

Тэргүүн байри: Буриад Улс, Вторушиной Елене Вадимовне
Дэд байрт: Байгаль нуурын нутаг дэвсгэр, Доржиев
Гутгаар байрт: Эрхүү муж, Э.Н.Очков нар шалгарсан байна.



“Буриадын ард иргэд” сэдвийн хүрээнд шалгарсан зурагчид:

Тэргүүн байрт: Буриад Улс, У.В.Иосифовичу
Дэд байрт: Монгол Улс, Б.Чадраабал |“Монцамэ” агентлагийн гэрэл зургийн албаны дарга|
Гутгаар байрт: БНХАУ-ын ӨМӨЗО, Делонг Юу нар шалгарчээ.
 
Буриад дууны тэмцээн

Шинэ залуу авъяаслаг хөгжмийн зохиолч, дуу дуулаачдыг нээн гаргах, үндэсний дууг сурталчлах, улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Орчин үеийн буриад дууны тэмцээн” Н.М.Загурскийн нэрэмжит Эрхүү мужийн хөгжмийн театрт болов.

Буриад дууны төрөлд оролцсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Б.Булганчимэг “Гранпири” шагналын эзэн болсон юм. Харин “Буриад ардын дуу”-ны тэмцээнд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харъяат Б.Энхтөр тэргүүн байрт шалгарсан юм.




 

Тоймч | Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ