top banner

Цагдаагийн газрын 80 жилийн ойг тэмдэглэлээ


2018-07-17 21:00:33
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг өнөөдөр тэмдэглэлээ.
Тус аймгийн цагдаагийн газар 1938 оны 5 дугаар сарын 11-ний өдөр БНМАУ-ын ДЯЯ-ны сайд, улсын маршал өрлөг жанжин Чойбалсангийн 111 тоот тушаалаар Дотоодыг хамгаалах анги нэртэй байгуулагдаж байсан түүхтэй юм.
Ойн арга хэмжээ цагдаа Д.Даарий агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Цагаан шонхор” бэлгэдэл хөшөөг нээх ёслолоор эхэлсэн юм.
Цогт хун тайжийн талбайд цагдаа, цэргийн байгууллагын ёслолын жагсаал болж, бие хамгаалах урлагийн тоглолт сонирхууллаа. Цагдаагийн байгууллагын 80 жилийн ойд зориулсан баярын хурал болж, аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа З.Гомбо цагдаагийн газрын түүхэн  замналын тухай мэдээлэл хийж, Засгийн газрын болон салбарын яам, аймгийн шагналаар ажил үйлсээрээ тэргүүний албан хаагчид шагнуулсныг гардууллаа.
- Булганы цагдаа түүхэн баатарлаг замналтай хамт олон. Бидний аав 1974 онд гэмт хэрэгтний зэвсэгт амиа алдсан. Баатарлаг үйлсийг нь мөнхжүүлэн хүндэтгэж яваад байнга талархаж байдаг. Ой тэмдэглэх ажилд хамтран оролцож ивээн тэтгэж байгаа. Бид эцэг, эхээс тавуулаа гэж “Гурван борхууд” ХХК-ийн захирал Д.Жаргалсайхан ярилаа.
Тус аймгийн цагдаагийн байгууллагыг 1980 оноос хойш удирдаж байсан Д.Эрдэнэжав, Д.Батжаргал, Ж.Мөнхдаш, Т.Батчулуун, Ж.Наран, О.Ганбат нар хүндэт зочноор уригдан оролцсон юм.
Булган аймгийн дотоодыг хамгаалах анги анх 15 орон тоотой үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо Цагдаагийн газар болж өргөжин нийт 132 алба хаагч ажиллаж байгаагаас гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах шууд үүрэг бүхий 117 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
М.Батжаргал


Монгол брэнд