Усайн Болт хөл бөмбөгт хүч үзэж магадгүй

Дэлхийн мэдээ | Спорт
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-18 08:50:16
twitter.com/Nyamkanmk
СИДНЕЙ. /NHK/. ОХУ-д болсон 21 дэх удаагийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олон шинэ од төрөн гарсан билээ. Тэгвэл дэлхийн хамгийн хурдан хүн буюу Усайн Болт Австралийн хөл бөмбөгийн клубт нэгдэж магадгүй байна.

Тэрбээр Австралийн “Central Coast Mariners” клубт орохоор хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлэл гарчээ. Австралийн нийслэл Сидней хотоос холгүй орших уг клуб эхний ээлжид зургаан долоо хоногийн хугацаанд Усайн Болтыг туршилтаар тоглуулсны дараа гэрээ хийх эсэхээ шийдэх ажээ.

Ямайкийн тамирчин Усайн Болт нь Олимпоос найман алтан медаль хүртсэн гайхалтай амжилтын эзэн боловч хоёр дахь карьераа хөл бөмбөгчний хувиар эхлүүлэх хүсэлтэй байна.

Гүйлтийн 100 метр, 200 метрийн төрлийн дээд амжилтыг эзэмшигч Усайн Болт өнгөрсөн онд хөнгөн атлетикийн спортоо орхиж, зодог тайлсан билээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ