top banner

Идээ дэлгэрэх цаг /Тэмдэглэл/


2018-07-18 13:56:06
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ жилийн зун оройтож эхэллээ! Цаг цагаараа байдаггүй болжээ...Цаг хугацааны хувьд зуны сүүл эхэлж байхад ахуй амьжиргааны хувьд зун эхэлж байдаг болж уу? 5 дугаар сарын сүүлч, 6 дугаар сарын эхээр Архангайд очиход хуурай салхитай, хургүйдсэн ган эхлэх шинжтэй гавихгүй байсансан! Харин наадмын өмнөх борооноор газар дэлхий илт сэргэжээ!  Хотоос гараад Тамирын гол руугаа очих зуур нэл ногоон...Элсэн тасархайн наад хөндий нэл ягаан цэцгийн нуга болжээ! Холоос яваа зорчигчид хөлөө амраан нуруугаа тэнийлгэх нь нуурандаа хөвөх хун шиг...усандаа умбах загас шиг!

Малчид одоо л сэхэж байна! Мал нь ч дөнгөж сэргэж байна! Зусландаа буугаад хүн малын зоо дөнгөж тэнийж байна! Одоо л идээ цагаа дэлгэрч байна! Хөхүүртээ айраг одоо л хэхэрч, бүрхээртээ архи хөлөрч, андартаа / Тариат буюу Далай вангийн хошууныхан цагаан идээний тавиураа Андар гэж нэрлэдэг/ ааруул хурууд өрөгдөж, дээгүүр нь өлөн элээ эргэдэг цаг эхэлжээ. Хөлсөө сэвэх завгvй идээгээ базааж буй ажилсаг бүсгүйчүүлээ л өрөвдмөөр! Тэд эр нөхрөө айраг архиар угжиж, хүүхдийнхээ оюутны төлбөрийн нэмэр болгох гээд борви бохисхийхгүй үнээгээ сааж, савшиж, үүр цүүрээс үдшийн бүрий хүртэл бөртөгнөнө! Идээ цагаа дэлгэрэх цаг эхэллээ! Зун дөнгөж эхэлж байхад малчдыг хадлангаа ав гэж бүү айлга! Тэд амрах завгүй бөртөгнөж байхад баячууд найрлаж наадамдаж байна! Малчдаа шагнахгvй мөртөө бөх дэх, хүүхэн шуухан, ховч долгиногчдоо шагнан сайрхана! Одон өвөртлөөд тараана! Архангайн зун ид эхэлсэн ч, шүлхийний хяналтаа чангатган төв замаас хүмүүсийг гаргахгүй заасан маршрутаар зорчуулж байна. Аймгийн наадмаа сумдынхтайгаа хамт хойшлуулж ирэх 21-22-ны өдрүүдэд хийхээр бэлдэнэ. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилсан "ОюунлагАрхангайнхан",  "Нүүдэлчийн соёл" шашин урлагийн наадмаар гэрэл зургийн үзэсгэлэн, уран зургийн үзэсгэлэн зэрэгцүүлэн  гаргаж,  шагайн харваа хийж, Жаргалант сумын Асгатын хийдээс тодорсон эрдэмт мэргэн Жамьянгаравын хойд дүр болох залуу гэгээнтийг сэнтийд нь залах ёслол хийх юм байна. Энэтхэг оронд Дарамсалад Далай ламын дэргэд 13 нас хүртлээ ном бясалган эрдэм өвөртлөөд ирсэн гэгээнтний сэнтий залах ёслолд оролцох зочид хот хөдөө, эх орны дөрвөн зүг найман зовхисоос зүг чигээ гарган очсоор байгаатай ч таарлаа. Архангайн үзэсгэлэнт байгаль, рашаан усанд орон аялах гэсэн гадаад дотоодын айлчдын цуваа ч тасрахгүй байв. 
Зуны сар зургаа болсон шүү дээ!
Зугаацах цаг дөнгөж эхэлж байна! Оройтсон зуны цэцэг ногоо хэнзхэн байна! Намар болтол хэд хэд хэнзэлнээ харж байгаарай!
Намар болтол хаа байсан юм бэ?
Намрын сар найр наадамтайгаа нийлээд найм болчихсон шүү дээ!

Нутагтаа очсон зохиолч, сэтгүүлчийн хувьд, шүлэг найргийн богц ч хоосонгүй байлаа. 


АРЫН ХАНГАЙН ЗАЛУУ НАС

Арын сайхан хангайдаа очих бүртээ би аархуу залуу насаа олж хардаг аа. Анхны ажлын гараагаа "Архангайн үнэн" сониноос эхэлж, анхны галаа бадраан алдрай охиныг гэргийгээ болгож анхны үрээ төрүүлсэн болоод тэр байх даа. Айлын хаяанд нохой боргуулж, амьтны нүдэнд босоо ороолон шиг танхайрч, аавуудаар нь эмээл бэлтгүүлж морийг нь дэллүүлж, ээжүүдээр нь тогоо нэрүүлж, дээл эсгүүлж , охидоор нь айраг сөгнүүлж, унагыг нь барих бол уу гэж хүлээлгэж явсан болоод тэр байх даа?
Цэргээс халагдсан харчуулыг нь атаархуулж, цэцэг шиг бүсгүйг нь булааж авах нь гэж тэвдүүлж явсан болохоороо, тэдэнтэй гар зөрүүлж, бүлтэй бядтайгаа харуулж, далан таваар буулгаж байсан болоод тэр байх даа?

Арын хангайнхаа зуны сайхнаар нь хөрвөөн ханарч, зүлгэн дээр нь тарвайн тийчилдэг болохоороо тэр байх даа? Наадам нь хойшилсон ч арын хангайдаа амарч хэд хонохдоо залуу насны шүлгээ атга дүүрэн базаад ирлээ дээ..

АРЫН ХАНГАЙН ЗАЛУУ НАС

Үүлс илбээд үнсдэг залуу нас
Уулс намсаад бөхийдэг залуу нас
Арын хангайн залуу нас

Одод шүргээд ирмэдэг залуу нас
Модод зэрэгцээд шөргөөдөг залуу нас
Арын хангайн залуу нас

Азарга унага шиг харагддаг залуу нас
Амбан бух бяруу шиг үзэгддэг залуу нас
Арын хангайн залуу нас

Хөхүүр хавтага шиг жижигддэг залуу нас
Бүрхээр бортого шиг багаддаг залуу нас
Арын хангайн залуу нас

Аавын томддог дээл багаддаг залуу нас
Аймгийн арслан амлахаас айдаг залуу нас
Арын хангайн залуу нас

Адууны нүд дагаж хараад янцгаадаг залуу нас
Араатны шүд эмтэрч унаад үйрдэг залуу нас
Арын хангайн залуу нас

Хөөрхөн охидын гижгийг суга суга хавчигнуулдаг залуу нас
Хөөрүү харчуул охидоо харамлан нуга нуга гөвүүлдэг залуу нас
Арын хангайн залуу нас

Хөнгөн гишгэдэлт жороо морины хөлд цус харвуулдаг залуу нас
Мөнгөн бааварт эмээл дээрээ тогтож суухгүй согтож аархдаг залуу нас 
Арын хангайн залуу нас

Дэнхэр Тайхар чулуугаа мөрлөж өргөөд шидмээр залуу нас
Цэнхэр Тамирын голоо нугалж индүүдээд бүсэлмээр залуу нас
Арын хангайн залуу нас

Бурхан тахилтай Булган хайрханаа судартай нь үүрээд бадарчилмаар залуу нас
Буурал хөгшин ээжийгээ эсгий гэртэй нь үүрээд хот хүрээ ормоор залуу нас
Арын хангайн залуу нас

"Танк хүлдэг" гэж хочлуулдаг шигээ таарсан бүхнээ хүлээд номхруулмаар залуу нас
Танго манго татаж гялалзуулаад үдэш нь цүү хаяж бүсгүй сугадмаар залуу нас
Арын хангайн залуу нас

Наадамд гурав давчихаад сумын заанд бууж өгөөд үнсүүлмээр залуу нас
Найранд гурав дуулчихаад сургуульд явах гэж байгаа Сүнжиймааг үнсмээр залуу нас
Арын хангайн залуу нас

Эр суран бугуйлаар эмнэг үрээг цулбуурдаад эмээл тохмоор залуу нас
Элбэг торгон дээлийнхээ энгэрийг задгайлж, гурван Тамирыг цочоон давхимаар залуу нас
Арын хангайн залуу нас

Шүр сувдан даруулгыг нь сугарч унатал инээлгэсэн бүсгүйгээ сар өвөртлүүлж хээр хонуулмаар залуу нас
Шүүдэр бөнжигнөсөн өглөөгүүр цэцгийн охь дүүргэсэн алганаас нь амны цангаагаа гаргамаар залуу нас
Арын хангайн залуу нас

Хүргэнээ болгох гэсэн олон аав ээжийг санаа алдуулаад хот руу гуларсан залуу нас
Хүлээсэн, сэм харуулдсан олон бүсгүйгээ нулимсанд нь согтоогоод шилэрсэн залуу нас
Арын хангайн залуу нас

Араас нь сүү өргөж даллаад буцаж ирээгүй залуу нас
Гараас нь сүй тавьж дуудаад ахиж ирмээгүй залуу нас
Арын хангайн залуу нас

2018.07.14...14:14цагун дору...Булган хайрханы өлмий дору...

 

 

2018.07.18...07:07 цагун дору...хөдөөнөөс олсон бичил тэмдэглэлээс...


МЗЭ-ийн шагналт яруу найрагч Жигмэдийн Батсайхан



Монгол брэнд