top banner

Трамп: Умардыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад ОХУ оролцоно


2018-07-18 14:08:44
Зураг
ВАШИНГТОН. /japantimes/. Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг яаран шамдуулсан зүйл байхгүй, энэ ажил Ким Жөн Ун удирдагчтай тохиролцсон ёсоор явж байгаа  гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Мөн тэрбээр, “бидэнд цагийн болон хурдны хязгаарлалт байхгүй, би энэ асуудлыг Ерөнхийлөгч В.Путинтай хэлэлцсэн. В.Путин энэ асуудалд бидэнтэй хамтран ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Бүгд Найрамдах намаас нэр дэвшин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп зургадугаар сарын 12-нд Сингапурт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. Уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч улсаа цөмийн зэвсгээс ангижруулах болно гэж дахин мэдэгдсэн юм.

Гэвч хамтарсан мэдэгдэлд үйл ажиллагаа хэрхэн, хэзээ эхлэхийг дурдаагүй юм. Дипломатууд энэ тухай нарийвчилсан мэдээллийг удахгүй өгнө гэсэн хүлээлт олны дунд үүсээд байна. Хамтарсан мэдэгдэл гарснаас хойш сар гаруй хугацаа өнгөрөөд байхад энэ асуудлын талаар ямар нэг дэвшил гараагүй байна. Мөн АНУ нэг талыг барьсан шаардлага тавьж байна гэж Умард Солонгос гомдоллосоор байгаа юм.

Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Д.Трампын засаг захиргаа мэдэгдэл хийхдээ, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэж байсан бол уулзалтын дараа уг ажил ойрын хугацаанд эхэлнэ гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Монгол брэнд