Ирээдүйд төрөх хүүхдийнхээ гадаад төрхийг сонгох боломж бүрджээ

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-18 14:34:22
ЛОНДОН. /ТАСС/. Их Британи улсад хүний үр хөврөлийн ДНХ-гийн молекулд өөрчлөлт оруулах боломжтой ген засварлах технологийн тусламжтайгаар эцэг эхчүүд ирээдүйд төрөх хүүхдийнхээ гадаад дүр төрхийг хүссэнээрээ сонгох боломжтой хэмээн “The Independent” сонин мэдээлжээ.
 
Их Британид хүний үр хөврөлийн ДНХ-д генетикийн өөрчлөлт хийх нь ёс суртахууны хувьд байж боломгүй зүйл гэж үздэг байсан бол тус улсын Биологийн судалгааны ёс зүйн асуудлаархи Нуффильдын зөвлөлийн сүүлд тавьсан илтгэлд  “Хүний үр хөврөлийн ДНХ-д генетикийн өөрчлөлт хийх нь нийгмийн тэгш бус байдал өсөн нэмэгдэхэд нөлөөлөхгүй бол үүнийг хэрэгжүүлэх нь боломжтой зүйл юм" гэж дурджээ. CRISPR хэмээх ген засварлах аргыг голдуу удамшлын хүнд өвчнийг эмчлэх юмуу хавдар томрохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг хэдий ч  хүүхдийнхээ нүд болон үсний өнгийг өөрчлөх, өндрийг нь хүссэн хэмжээгээрээ сонгох зэргээр гоо сайхны зорилгоор ашиглах боломжтой болохыг шинжээчид үгүйсгэхгүй байна.  
 
“Бид энэ талаар удаан бодсоны эцэст өвлөж авсан генд хөндлөнгөөс оролцох нь ёс суртахууны хувьд байж боломгүй зүйл биш юм гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж Их Британийн Биологийн судалгааны ёс зүйн асуудлаархи Нуффильдын зөвлөлийн профессор Карен Юнг хэлжээ. Хоёрхон нөхцөл болзол хангагдсан тохиолдолд ДНХ-ийн молекулд өөрчлөлт оруулах нь боломжтой гэж К.Юнг үзэж байна. Нэгдүгээрт, энэхүү үйл явц нь хүнд ноцтой өвчнийг арилгаж, бие бялдрыг сайжруулна гэсэн тохиолдолд. Хоёрдугаарт, нийгмийн ялгаварлан гадуурхах үзэл өсөн нэмэгдэхэд нөлөө үзүүлэхгүй байвал.
 
Түүнчлэн шинжээчид хүний үр хөврөлийн генетикийн материалыг засварлах аливаа туршилтыг Үр тогтоох, эмбриологи судлалын газар нарийн зохицуулалтаар зөвхөн өвчтөнөөс зөвшөөрөл авсан тохиолдолд явуулах ёстой гэдгийг онцлон тэмдэглэж байна. Туршилтын улмаас янз бүрийн гаж нөлөө үүсч болзошгүй учир бүх хүн хатуу хяналтанд байх ёстой юм.
 
Хуулиар Их Британи улсад хүний үр хөврөлд агуулагдах өвлөж авсан генетикийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрдөггүй байна.    
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ