top banner

Трамп-Путиний түүхэн уулзалт: Харилцааг хэвийн болгох эхлэл ба бусад асуудал


2018-07-18 15:13:30
Зураг
Хельсинки хотод болсон ОХУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтаар дэлхий дээрх цөмийн зэвсгийн нөөцийн 90 гаруй хувийг эзэмшдэг тус хоёр улсын харилцааг хэвийн болгоход чиглэсэн эхний чухал алхмыг хийж чадлаа. Энэ бол В.Путин, Д.Трамп нар нүүр тулан уулзсаны гол үр дүн мөн гэдгийг шинжээчид санал нэгтэй онцолж байна. 
 
Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах газраар Финландын нийслэлийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Төвийг сахигч финландчууд бол ЗХУ-АНУ болон ОХУ-АНУ-ын удирдагчдын уулзалтуудыг зохион байгуулж байсан туршлагатай улс. Тодруулбал, 1975 онд Хельсинкид болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаарх бага хурлын үеэр Зөвлөлтийн удирдагч асан Л.Брежнев, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жеральд Форд нар, түүнчлэн 1990 онд М.Горбачев, Жорж Буш нар, 1997 онд Б.Ельцин, Б.Клинтон нар тус тус уулзаж байжээ. 
 
Энэ удаагийн саммитыг “түүхэн уулзалт” гэж нэрлэж байна. Өмнө нь В.Путин, Д.Трамп хоёр яг жилийн өмнө Германы Хамбург хотод болсон “Их20”-ийн уулзалтын үеэр 1 цаг 30 минут ярилцаж байсан бол 2017 оны 11 дүгээр сард Вьетнамын Дананг хотод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр гар барин мэндчилж, цөөн хэдэн үг солилцож байв. 
 
Харин Хельсинкид ирсэн хоёр Ерөнхийлөгч 2 цаг 10 минутын хугацаанд ганцаарчилсан уулзалт хийснийхээ дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр 2 цаг орчим ярилцжээ. Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн уулзалтын явцад маш олон асуудлыг хэлэлцсэн учраас тэр бүгдийг тоочих нь нэлээд зай талбай эзлэхээр байна.
 
Хэдийгээр олон асуудлыг хэлэлцсэн боловч Москва, Вашингтон хоёр энэ удаад дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар хамтарсан мэдэгдэл гаргахгүйгээр тохиролцжээ. Тэгээд ч уулзалтын үеэр хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гэхээр зүйл байсангүй. Мөн уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр хоёр удирдагч тодорхой тохиролцоонд хүрч чадсан эсэх талаар ямар ч үг дурдагдсангүй.
 
В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “хэлэлцэх асуудлын  тодорхой жагсаалт алга, хоёр улсын төрийн тэргүүн нар уулзалтын явцад юу ярилцахаа шийдээд явна” гэж байсан юм.
 
Д.Трампын хэлснээр бол “Оросын тал Америкийн сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлсөн” гэх асуудлыг хэлэлцэхэд нэлээд цаг зарцуулжээ. Харин тэрбээр уг асуудлаар Оросын Ерөнхийлөгчийг буруутгасан үг хэлсэнгүй.  
 
Сануулан дурдахад, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд оросууд хөндлөнгөөс оролцсон гэсэн дүгнэлтийг Америкийн тагнуулын байгууллагууд хийсэн билээ.

Трамп-Путиний уулзалт болохоос хэдхэн хоногийн өмнө уг асуудалтай холбогдуулан АНУ-ын тусгай прокурорын зүгээс Оросын тагнуулын 12 ажилтныг Ардчилсан намын баримт бичгүүдийг хулгайлсан гэж буруутгасан байна. Хулгайлсан зорилго нь Трампыг сонгуульд ялуулах явдал байсан гэнэ.

Харин В.Путин энэ тухайд хэлэхдээ “өмнө нь хэд хэдэн удаа ярьж байсан зүйлээ давтан хэлэх хэрэгтэй болох нь. Орос улс АНУ-ын дотоод хэрэг, тэр тусмаа сонгуулийн үйл явцад хэзээ ч оролцож байгаагүй, цаашид ч оролцохгүй” гэлээ. Хөндлөнгийн оролцооны асуудлыг шалгаж буй Америкийн мөрдөн байцаагчдыг Оросын тал хүлээн авахад бэлэн гэдгийг Путин мэдэгдсэний сацуу Оросын хууль хяналтын байгууллагуудаас зугтан АНУ-д орогнож буй хүмүүсээс мэдүүлэг авах боломж олгохыг Д.Трампаас хүссэн байна. Үүнийг Д.Трамп “ер бусын гайхалтай санал” гэж үнэлжээ.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч Трампаас “та өөрийн улсын тусгай албадад итгэдэг үү, эсвэл Оросын Ерөнхийлөгчид итгэдэг үү?” гэж асуусан байна. Энэ нь Америкийн сонгуульд оросууд хөндлөнгөөс оролцсон гэх дуулиантай холбоотой асуулт байв.  Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч хариулахдаа “Ерөнхийлөгч Путин хэлэхдээ, Орос улс хөндлөнгөөс оролцоогүй гэсэн. Ямар үндэслэлээр Орос оролцсон гэж байгааг би олж харахгүй байна” гэжээ. 

Трампын хэлсэн энэ үг Америкийн зарим улстөрчид, сэтгүүлчдийн дургүйцлийг хүргэсэн байна.

“Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад нь тусалсан Путинд төлөх өрөө Д.Трамп төлж дуусгалаа” гэж “Вашингтон Пост” сонины нийтлэлч Грег Саржент ёжлон дүгнэжээ.  

Телевизийн CNN сувгийн хөтлөгч Андерсон Купер “Оросын удирдагчийн өмнө хэлсэн Америкийн Ерөнхийлөгчийн хамгийн гутамшигтай үгийг та бүхэн сонсч байж магадгүй” гэжээ.

Ардчилсан намаас сонгогдсон Сенатын гишүүн Жон Маккейн “миний санаж байгаагаар, энэ бол АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн хамгийн ичгүүртэй үгсийн нэг” гэсэн бол Бүгд Найрамдах намаас сонгогдсон Сенатын гишүүн Линдси Грэм хэлэхдээ “Путинээс бэлгэнд өгсөн бөмбөгөн дотор нууцаар чагнах төхөөрөмж байж магадгүй, бөмбөгийг Цагаан ордонд байлгах хэрэггүй” гэсэн байна.
Үүний хариуд Д.Трамп “хэл хальтирч, санаагаа илэрхийлэхдээ алдаа гаргасан” гэдгээ хүлээн зөвшөөрчээ.  
Ер нь бол, энэ удаагийн саммитад бэлтгэх явцад нэлээд саад бэрхшээл гарч байлаа. Трампыг Оростой холбоотой гэж буруутгадаг Америкийн дээд зиндааны улстөрчид, тухайлбал, Сенатын гишүүн Жон Маккейн гэхэд “Путинтэй уулзахдаа хатуу чиг шугам баримтлах”-ыг Трампаас шаардаж байв. “Путин бол Америкийн найз ч биш, өрсөлдөгч ч биш, Путин бол Америкийн дайсан” гэж тэрбээр сануулж байжээ. Тэр ч бүү хэл Ардчилсан намаас сонгогдсон Сенатын зарим гишүүд уулзалтыг цуцлахыг шаардаж байв.
Харин Трамп  Орос улс, Путинийг шүүмжлэхдээ маш болгоомжтой  хандаж, маш уян хатан байж чадсанаар энэ удаагийн саммит “харьцангуй амжилттай” өндөрлөлөө.

Хоёр улсын харилцаа

Хамбург хотод болсон уулзалтаас хойших нэг жилийн хугацаанд хоёр орны харилцаанд багагүй сөргөлдөөн үүсч байлаа. Америкчууд хоригоо улам чангатгаснаас үүдэн Оросын хөрөнгийн зах зээлд доргилт үүсэв. Хоёр улс дипломат дайнд татагдан орж, хэдэн зуун дипломат ажилтнуудаа харилцан хөөв.
Украинд нөхцөл байдал мухардалд орж, Сирид Башар Асад алгуурхнаар байр сууриа бэхжүүлжээ. Үүнээс үзвэл, хэдийгээр Хамбургт бүтэн цаг хагас ярилцсан боловч хоёр тал тодорхой тохиролцоо хийж чадаагүй нь харагдаж байна.    

Харин энэ удаад “бид овоорсон хог саадыг цэвэрлэж чадсангүй, гэхдээ эхний чухал алхмыг хийж чадлаа” гэж В.Путин дээд хэмжээний уулзалтын үр дүнг тодорхойлсон байна.

Хоёр талын харилцааг урт удаан хугацаанд хөгжүүлэхийн төлөө байгаагаа В.Путин илэрхийлээд энэ үйл хэрэгт ОХУ-АНУ-ын харилцааг сайтар судалсан шинжээчдийг татан оролцуулах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Үүний тулд хоёр орны улс төр судлаачид, эрдэмтэд, ахмад дипломатчид болон цэргийнхнийг оролцуулсан шинжээчдийн зөвлөл байгуулахыг Оросын Ерөнхийлөгч санал болгосон байна. 

Д.Трамп уулзалтын талаар дүгнэн хэлэхдээ “үр дүнтэй яриа хэлэлцээ хийх нь АНУ, ОХУ-ын хувьд төдийгүй дэлхийн дахинд үр өгөөжтэй” гэсэн байна. Тэрбээр твиттер хуудсандаа “улс төрийн ашиг хонжооны төлөө энх тайвныг золиослох бус энх тайвны тусын тулд улс төрийн эрсдэл хийхэд би бэлэн байна” гэж жиргэжээ.

Цагаан ордны тэргүүн дүгнэхдээ “энэ удаагийн уулзалт нь урт удаан хугацаанд үргэлжлэх үйл явцын дөнгөж эхлэл” гэдгийг онцлоод цаашдаа байнга уулзана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтын дараа В.Путин Америкийн Ерөнхийлөгчид хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэсэн нь тодорхой утга учрыг агуулсан бэлгэдлийн чанартай алхам гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна. Тодруулж хэлбэл, нэгэнт бөмбөг Америкийн талд байгаа учраас америкчууд та нар дараагийн удаад хоёр улсын харилцааг сайжруулах талаар алхам хийх ёстой шүү хэмээн сануулсан хэрэг аж. Хариуд нь Д.Трамп Америкийн Washington Capitals багт тоглож буй Оросын хоккейчин Александр Овечкины өмсдөг майк болон хоккейн шайбыг В.Путинд бэлэглэжээ.





Цөмийн зэвсгийн асуудал

Дэлхий дээрх цөмийн зэвсгийн нөөцийн 90 гаруй хувийг бид эзэмшиж байгаа нь тийм ч сайн зүйл биш. Ийм учраас уг асуудлаарх бидний ойлголцлыг улам сайжруулахын тулд бүхнийг хийх ёстой гэж Д.Трамп мэдэгдлээ. Үүний хариуд В.Путин хэлэхдээ “цөмийн асуудал нь нэн чухал асуудал мөн” гэдгийг онцлон тэмдэглээд, зэвсэглэлтэй холбоотой асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгчид хэдэн хэдэн санал бүхий бичгийг гардуулав. Уг бичигт стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, сансарт зэвсэг байрлуулах, пуужингийн довтолгооноос хамгаалах систем, ойрын болон дунд зайн тусгалын пуужингууд зэрэг асуудлаар тодорхой саналууд дэвшүүлжээ. 

Крымын асуудал

Крымын асуудлаар хоёр ерөнхийлөгч тэс хөндлөн байр суурьтай байлаа.  “Крым бол Оросын нэг хэсэг мөн” гэж Трамп хүлээн зөвшөөрч магадгүй хэмээн зарим хэвлэлд бичиж байсан боловч “Крым бол Украиных” гэж үздэг АНУ-ын байр суурь огт өөрчлөгдсөнгүй. Оросын талынх ч мөн адил өөрчлөгдөөгүй бөгөөд Крымын харьяаллын тухай асуудал нэг мөр шийдэгдээд хаагдсан гэдгийг Путин мэдэгдсэн байна. Крымын асуудлаар хоёр талын байр суурь эрс тэс ялгаатай байгаа нь тухайн асуудлаар талууд хамтран ажиллах боломжгүй гэсэн үг биш юм.

Сири ба Иран  

Сирийн хямралыг даван туулахад ОХУ, АНУ хоёр тэргүүлэх үүрэгтэй оролцох боломжтой, хоёр улсын цэргийнхэн туршлага хуримтлуулж, хэлхээ холбоо тогтоож чадсан гэдгийг В.Путин дурдав. Харин Д.Трамп Иранд шахалт үзүүлэх бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ давтан мэдэгдсэн байна.    

Украины асуудал

Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Путин онцлон тэмдэглээд “уг тохиролцоог хэрэгжүүлэхийг Украины удирдлагаас илүү хүчтэй шаардах боломж АНУ-д бий” гэв. Харин Ерөнхийлөгч Д.Трамп тодорхой үг хэлсэнгүй, уг асуудлыг тойроод гарчээ.   

Дүгнэлт

Хэдийгээр В.Путин, Д.Трамп нар байр суурийн илт зөрүүтэй байж, дээрх олон асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй боловч илт муудаад байсан хоёр орны харилцааг хэвийн голдрилд оруулах гэсэн эхний алхмыг амжилттай хийлээ, тэдний уулзалт 2020 он хүртэл үргэлжилнэ гэж ажиглагчид дүгнэж байна.
Б.Адъяахүү  

Монгол брэнд