Монгол Хятад хүүхдүүд “Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэнгээ нээнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2018-07-18 17:27:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Хятад хүүхдүүдийн "Байгаль дэлхийгээ хамгаалъя" уран зургийн үзэсгэлэн энэ сарын 20-нд Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд нээлтээ хийнэ.

Өвөр Монгол дахь Монгол улсын иргэдийн нийгэмлэгийн санаачилгаар ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-ын Хөххот дахь Монгол Улсын Консулын газраас хамтран зохион байгуулдаг хоёр орны хүүхдийн зургийн уралдааны энэ жилийн шилдэг бүтээлүүд ийнхүү Монголын үзэгчдийн хүртээл болох гэж байна.
2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээний цар хүрээ жилээс жилд тэлж, бүтээлийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд энэ жилийн уралдаанд ирсэн бүтээлүүдээс 200 бүтээл дээжлэн Хөхотод үзэсгэлэн гаргасан юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тус уралдааны үе үеийн шилдэг бүтээлүүдээр Хөххотод үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Харин энэ жилийн Хүүхдийн зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн БНХАУ-ын Хөххот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гарч буйгаараа онцлогтой.

Гурван насны ангиллаар зарласан тус уралдаанд нийт 1003 бүтээл иржээ. Зургийн уралдааны сэдвийг зохион байгуулагчдын зүгээс сонгон зарладаг бөгөөд Хятадын Засгийн газраас байгаль экологийг хамгаалах бодлогыг чухалчилж буйтай уялдуулан 2018 оны уралдааныг “Байгаль дэлхийгээ хамгаалъя” уриан дор зохион байгуулжээ.
Ж.Болор
Холбоотой мэдээ