top banner

МОНЦАМЭ агентлагийн 97 жилийн ой тохиож байна


2018-07-19 14:01:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд уриатай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 97 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Одоогоос 97 жилийн өмнө буюу 1921 оны долдугаар сарын 19-нд Монголын Засгийн газрын гишүүдийн зургадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г байгуулсан нь Монгол Улсын хэвлэл мэдээллийн болон сэтгүүл зүйн түүхнээ цоо шинэ хуудас нээж МОНТА буюу өнөөгийн МОНЦАМЭ агентлагийн эхлэлийг тавьсан билээ.


Манай агентлаг байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах, дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж юм.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монголыг олон улсад сурталчлах үүргээ амжилттай биелүүлж, босоо монгол бичиг, орос, хятад, япон, англи хэлээр 7 хоног тутмын “Хүмүүн бичиг”, “Новости Монголии”, “Мэнгу сяосибао”, “Монгору Цушин”, “The Mongol Messenger сонин, өдөр тутам тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн www.montsame.mn цахим хуудсыг ажиллуулж байна. Түүнчлэн өдөр тутам англи, орос хэлээр " МОНЦАМЭ Daily news", "МОНЦАМЭ новости" товхимол, улирал тутам “Mongolia Today” сэтгүүлийг эрхлэн гаргаж гадаад дотоодын уншигчдад хүргэдэг билээ.



100 гаруй ажилтантай манай агентлагийн байнгын сурвалжлагчид нийслэл Улаанбаатар хотоос гадна 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотуудад ажиллаж, улс орноо гадаадад таниулан, үнэн бодит мэдээ мэдээллээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага (ОАNА)-ын гишүүний хувьд тус байгууллагын гишүүн агентлагуудтай тогтмол мэдээлэл солилцож, Монгол Улсад болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг өдөр тутам ОАNА-н мэдээллийн нэгдсэн сан /www.oananews.org/-д нийлүүлж байдаг.

Бид ОХУ-ын ТАСС, РТ, БНХАУ-ын Синьхуа, Их Британийн Ройтерс, БНСУ-ын ЁНАП, БНСВУ-ын ВМА, БНКУ-ын Пренса Латина, Японы Киодо Цушин, БНПУ-ын ПАП, БНБУ-ын БТА, БНТУ-ын Анадолу, Украин Улсын Укринформ, Америкийн дуу хоолой, Азербайжан улсын Азертак, Казахстан улсын Казинформ, Иран улсын Мер, БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг зэрэг мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, өдөр тутам мэдээ, мэдээлэл солилцож, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан айлчлуулж туршлага солилцдог.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БНХАУ-ын Синьхуа, БНКУ-ын Пренса Латина, БНСВУ-ын ВМА зэрэг агентлагтай олон жилийн өмнө байгуулсан хамтын ажиллагааны хэлцээрээ шинэчилж үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.



МОНЦАМЭ агентлаг удахгүй тохиох 100 жилийн ойдоо зориулж хэд хэдэн томоохон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага (ОАNА)-ын гүйцэтгэх зөвлөл болон техникийн зөвлөлийн хурлыг Монгол Улсад зохион байгуулан, орчин үеийн мэдээллийн агентлагуудын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, дэлхийн 20 гаруй томоохон мэдээллийн агентлагаар дамжуулан эх орноо сурталчлах боломжийг эрэлхийлж байна. Түүнчлэн ойн баярын хүрээнд хамгийн орчин үеийн техник технологийн шинэчлэлийг агентлагийн редакцууд, гэрэл зургийн алба, МОНТА теле студи болон хэвлэх үйлдвэртээ хийж, цахим хуудас, сонин сэтгүүл зэрэг бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
Л.Нандинцэцэг

Монгол брэнд