top banner

БНХАУ-аас Умард руу нийлүүлэх нефтийн хэмжээ 2 дахин өсчээ


2018-07-20 09:24:45
Зураг
СӨҮЛ. /oilprice/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНХАУ-д айлчлал хийснээс хойш тус улсаас Умард Солонгос руу нийлүүлэх түүхий нефтийн хэмжээ хоёр дахин өссөн байна гэж Өмнөд Солонгосын “Чосун Ильбо” сонинд мэдээлжээ.

Умард Солонгос руу нийлүүлэх түүхий нефтийн хэмжээ нэмэгдэж байгаа нь Умард Солонгосын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээг сулруулж магадгүй гэсэн зовнилыг улам бүр нэмэгдүүлж байна.

Нийлүүлэлтийн хэмжээ зуны улиралд 30-40 мянган тонн, өвөлдөө 80 мянган тонн байх нь хэвийн хэмжээ боловч БНХАУ-ын нийлүүлж буй хэмжээ зуны улиралд эрс нэмэгдэж өвөлдөө нийлүүлдэг хэмжээнд хүрээд байна гэж Өмнөд Солонгосын сонин мэдээлэлдээ дурджээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зүгээс хамгийн сүүлд Умард Солонгост авсан хориг арга хэмжээгээр тус улс руу нийлүүлэх бүх цэвэршүүлсэн газрын тосны хэмжээ нэг жилд 500 мянган баррелиас хэтрэхгүй байх ёстой ажээ. Энэ хориг арга хэмжээ 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон байна.

Хэрвээ БНХАУ сар болгон 80 мянган тонн газрын тос Умард Солонгос руу нийлүүлэх юм бол энэ нь жилдээ 960 мянган тоннд хүрч хориг арга хэмжээгээр тогтоосон хязгаарыг давах юм гэж сонинд мөн дурджээ.
Д.Нямтулга

Монгол брэнд