Хэт халалтын улмаас нас барагсдын тоо нэмэгдсээр байна

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-07-20 09:47:30
ТОКИО. /Киодо/. Япон улсад долдугаар сарын 9-ний өдрөөс хэт халалт эхэлсний улмаас нас барагсдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд ирэх өдрүүдэд ч уг үзэгдэл үргэлжлэх төлөвтэй байгааг олон нийтэд анхааруулаад байна гэж “Киодо” агентлаг мэдээлэв.

Өнгөрсөн пүрэв гарагт тус улсын 7 мужид 10 хүн харамсалтайгаар нас барж, байгалийн аюулт энэ үзэгдлийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 30 даваад байна. Тус улсын төвийн бүс нутгуудаар өнгөрсөн лхагва гарагт агаарын дундаж хэм Цельсийн 40.7-д хүрсэн бөгөөд үүний улмаас 10000 гаруй хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа юм.

Ниигата мужийн Садо аралд амьдардаг 80 настай эмэгтэй фермд ажиллаж байхдаа, мөн Хиого мужийн Яабу хотод 90 настай нэгэн эмэгтэй нас барсан бол Окаяама мужийн Сожа хотод 80 гаруй насны нэгэн эрэгтэй цагаан будааны талбайд ажлаа хийж байхдаа нас баржээ.  

Хэт халалт цаашид үргэлжлэх учир шингэн зүйл сайн уух, өрөөний дулааныг хянах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Японы цаг уурын агентлаг ард иргэддээ санууллаа.
Э.Хулан

Холбоотой мэдээ