top banner

Ямашита Маморү: Монголд дундаж цалинг тэтгэврийн хэмжээтэй уялдуулж тооцох мэргэжлийн баг хэрэгтэй


2018-07-20 11:54:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморүтэй ярилцлаа.

-Та Монголд хэрэгжүүлж буй төслийнхөө талаар эхлээд танилцуулахгүй юу?

-Би Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд нийгмийн хамгааллын салбарт  20 гаруй жил ажиллаж байна. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу “ЖАЙКА” олон улсын байгууллагаас манай яаманд хүсэлт гаргаж, Монгол Улсад нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжихээр болсон. Миний бие төслийн ахлах зөвлөхөөр томилогдоод хоёр жил болж байна. 2016 оны тавдугаар сараас эхэлсэн энэхүү төсөл нийт дөрвөн жилийн хугацаатай юм. Нийгмийн хамгааллын тогтолцоо нь тодорхой бүлэг хүний эрх ашгийг хамгаалах бус, нийт иргэдийг төр дэмжиж хамгаалах үндсэн зорилготой. Ямар ч хүн  өвдөж, өтөлхөөс гадна орлогогүй болох эрсдэл учирдаг тул нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан хамгах хэрэгтэй. Нийгмийн хамгааллын салбар сайжрах тусам тэгш байдал бий болж, улс орон хөгждөг. Үүнд манай  төсөл  хувь нэмрээ оруулах юм.

-Монголын нийгмийн даатгалын тогтолцоонд тулгамдаж буй асуудлыг юу гэж харж байна вэ. Шийдвэрлэх гарц юу байна?

-Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо олон жилийн түүхтэй. Өнгөрсөн онд 75 жилийн ойгоо тэмдэглэсэн. Одоо Монголын 20 монгол хүн тутмын нэг нь 65-аас дээш настай байна. 50 жилийн дараа таван хүн тутмын нэг нь 65-аас дээш настай болно. Тиймээс ирээдүйгээ харж, даатгалын тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийт хүн амд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх учраас одооноос бэлтгэлээ хангах  нь зүйтэй. Япон улс 60 жилийн өмнө залуучуудын орон байсан. Харин одоо дөрвөн хүний нэг нь 65-аас дээш буюу тэтгэврийн насных болсон байна. Ийм нөхцөл байдал үүссэн үед тэтгэврийн тогтолцоогоо сайжруулж, шинэчилж амжихгүй тул Япон улс асуудлыг урьдчилан тооцоолж, иргэдээ тэтгэврийн даатгалд хамруулах системд шилжсэн юм. 60 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагаас гадна алдаа оноо ч байсан. Тиймээс Монгол Улс нийгмийн хамгааллын салбарт зүтгэж буй хүмүүстэй хамтран ажиллаж  тогтолцоогоо шинэчлэхдээ алдаа гаргахгүй байх талаас нь дэмжинэ.

-Ямар зөвлөгөө өгч байна вэ?

-Ирээдүйд Монголд өндөр настнуудын тоо нэмэгдэх учраас одооноос үүнд тохирсон бодлого хэрэгжүүлэх, залуучууд олон байгаа энэ үед нийгмийн даатгалын санд хуримтлал үүсгэх, дундаж давхаргын тоог нэмэгдүүлж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн үндсэн гурван чиглэлээр зөвлөгөө өгч байгаа. Тэтгэврийн даатгалын сан зарлагаа нөхөхөөс гадна хуримтлал үүсгэсэн байх ёстой. 50 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэн байхыг урьдчилан хэлэх боломжгүй. Харин 2068 онд та хэдэн настай болохоо мэдэж байгаа,  Монгол улсын хүн ам зүйн өөрчлөлтийг ч тооцоолох  боломжтой. Монгол Улсад хүн амын огцом өсөлт ажиглагдахгүй байгаа нь 60 жилийн өмнөх Японы дүр зурагтай ижил байна. Тиймээс иргэн  бүрийг тэтгэврийн даатгалд хамруулах нь чухал.

-Танай улсын нийгмийн даатгалын тогтолцоог манай хөрсөн дээр буулгах боломжтой юу?

-Японы тэтгэврийн даатгалын тогтолцоог Монголын хөрсөн дээр шууд буулгах нь учир дутагдалтай. Даатгалын тогтолцоо гэдэг тухайн орны онцлог, ёс заншилтай холбоотой байдаг тул үндсэн зарчмын дагуу явах ёстой. Япон улсын гол зарчим нь бүх хүнийг албан журмаар даатгалд хамруулах юм. 20 насанд хүрсэн  л бол тухайн хүн ажилтай, ажилгүй, оюутан эсэхээс үл хамааран бүгд тэтгэврийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлдөг. Гадаадын иргэд ч мөн адил. Хүмүүсийн нас өндөр болохоос гадна өвдөж, гэмтэн хөдөлмөрийн чадвараа алдаж болно. Ийм тохиолдолд орлоготой байлгах зорилгоор албан журмын даатгалд заавал хамруулдаг юм. Энэ үндсэн зарчмыг Монгол Улс хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
 
-Тэтгэврийн даатгалын санг алдалгүй байлгахад юунд анхаарах хэрэгтэй бол. Хүн бүр заавал даатгал төлөхөөр хуульчилбал ажилгүй иргэд яах вэ?

-Малчин болон хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс өөрийнхөө амьдралыг болгоод явж болно. Гэвч хөдөлмөрлөх боломжгүй болсон тохиолдолд орлогын эх үүсвэр нь юу байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэрэв даатгалд хамрагдсан бол нийгмийн даатгалын санд эрсдэлээ даалгах боломж бүрдэнэ. 1955 онд Япон улсын дундаж цалин Монгол мөнгөөр 372 мянган төгрөг байсан. Эдийн засгийн хувьд ядуу буурай байснаас гадна нийт хүн амын 43 хувь нь залуучууд байв. Тэр үед нийт иргэнийг албан журмын даатгалд хамруулах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн үед залуучууд олон байсан тул тэтгэврийн санд ч мөнгө хуримтлагдсан. Хуримтлалын мөнгийг банкинд зүгээр хадгалуулах бус, ажлын байр нэмэгдүүлэхийн тулд ашигласан юм. Аж үйлдвэрийн том бүс байгуулж, үйлдвэрлэлээ дэмжсэн. Газар тариаланд ажиллаж байсан залуус үйлдвэрүүдэд ажиллах болсон. Хуримтлалын сангийн мөнгөө бага багаар тэтгэвэр авагчдад зарцуулж байна. 50 жилийн дараа одоогийн залуус тэтгэвэр авагч болно. Японы туршлагаар мөнгийг хадгалах бус  хөрөнгө оруулах замаар өсгөж болно. Мөн дундаж орлоготой өрхийн тоог нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан нэмэгдүүлэх нь чухал. Тухайлбал, нэг баян айл хоёр үнэтэй машинтай хэдий ч нэмж машин авахаар төлөвлөж болно. Харин өөр нэг орлого багатай  айл хуучин хэдий ч хямд  машин авахаар зорьж байгаа. Энэ хоёр хүслийн аль нь илүү хүчтэй вэ. Мэдээж орлого багатай айлын хөл дүүжлэх унаатай болох гэсэн хүсэл хүчтэй.  Япон улс боломж нь байхгүй ч хийж бүтээхийг зорьж хүсэж буй хүслийг нь илүү харсан. Энэ хүслийг бодит болгосноор одоогийн хөгжингүй улс бий болсон юм. Өөрөөр хэлбэл, орлого багатай  өрхийн орлогыг нэмэх тал дээр ихээхэн анхаарч  ажилласан. Дундаж орлоготой давхарга нэмэгдсэнээр худалдан авалт өсөж, үйлдвэрлэл хөгжинө. Үйлдвэрлэл хөгжвөл ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого өснө. Ажилгүй иргэд Тэтгэврийн даатгалын хэлтэст хүсэлт гаргаснаар төрөөс шимтгэлийн 50 хувийг хариуцдаг. Харин ажил хийж буй хүн сард цалингийн хувиар шимтгэл төлдөг.

-Бараа, бүтээгдэхүүний үнэ байнга нэмэгдэж байгаа учраас ахмадуудын тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна гэдэг.  Үүнийг хэрхэн шийдэх боломжтой вэ? 

-Хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүн сар бүр  тогтмол хэмжээгээр шимтгэл төлж байгаа учраас тэтгэврийн хэмжээ нь адилхан байна. Харин хөдөлмөр эрхлэгчдийн хувьд цалингаас шалтгаалан төлсөн шимтгэлийн хэмжээгээр тэтгэврийг харилцан адилгүй тогтоодог. Гэхдээ Японы даатгалын системээр тухайн үед авч байсан цалингийн хэмжээг өнөө үед шилжүүлж тооцдог. Японд одоогийн дундаж цалин 300 мянган иен. 40 жилийн өмнө үүний тал хувийг авдаг байсан. Тухайн үед төлөх ёстой мөнгөө төлсөн хүн одоо 50 хувийн тэтгэвэр авах нь шударга бус. Тиймээс цалингийн дундаж хэмжээг жил бүр тооцон одоогийн тэтгэврийн хэмжээг тогтоодог юм. Улмаар цалин нэмэгдэх, амьжиргааны түвшин дээшлэхтэй уялдуулан тэтгэврийн хэмжээ өөрчлөгддөг. Монголд ч жил бүр дундаж цалингийн хэмжээ өөрчлөгдөж байгаа. Тэр өөрчлөлт бүрийг тэтгэврийн хэмжээнд тусгахгүй болохоор тухайн өмнө нь үед төлсөн шимтгэлийн үнэ цэнэ алдагдаж байна. Мөн сонгуулийн үеэр тэтгэвэр нэмэх, шимтгэл бууруулах яриа гарах асуудал ч бий. Энэ нь үнийн хөөрөгдөл үүсгэхээс тэтгэврийн бодит хэмжээг бий болгож чаддаггүй. Японд үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр олгодог. Жилийн  дундаж цалинг тэтгэврийн хэмжээтэй уялдуулж тооцох боловсон хүчин, мэргэжлийн баг Монголд хэрэгтэй.

Монгол брэнд