top banner

БЯЦХАН ДИВААЖИН БҮТЭЭГЧ КОЛУМБ ӨВӨӨ


2018-07-20 15:58:09
Зураг

Анх Эдгар Погийн тухай бичвэр эхлүүлэх гэж суухдаа л ямар өгүүлбэр тавихаа мэдэхгүй хоосон цаас удаан гэгч нь ширтсэн билээ. Одоо ч гэсэн адил мэдрэмжийг хүртэж байна. Сахалтай, шар цэцэг энгэртээ хатгасан Колумб өвөөгийн тухай хэрхэн яаж бичихээ бодоод олчихсон ч эхлүүлж чадахгүй суусаар нэг л өдөр ийм аргацаасан байдлаар жижигхэн оршил сарааччихав. Магадгүй энэ бичвэрт эхлэл огт байхгүй гээд бодчихсон нь зөв. Яг л оргүй хоосон ганцаардлын мэдрэмжтэй адилхан. Гэвч ганцаардал угтаа хоосон бус. Эсвэл хоосрохын үр дүнд бүтээгдсэн мэдрэмж байх. Байхгүй мөртлөө оршиж байдаг олон зүйлсийн нэг нь уншилгүй өнгөрч болох энэ үгс байж яагаад болохгүй гэж...

БЯЦХАН ДИВААЖИНГААР ЗОРЧИХ ЭХНИЙ АЯЛАЛ

Урлаг, уран бүтээл ч ялгаагүй ийм л зүйл шиг төсөөлөгддөг. Броселандын хаа нэгтээ орших Макондо тосгон бол бидний оюун санаагаар л нэвтэрч очих боломжтой газар. Нөгөөтэйгүүр Гарсиа Маркесийн “би”-гээр дамжин аялна гэсэн үг. Аялалын эхлэх оньсого шиг санагдсан бол төгсгөл нь мөн л адилхан байна. Үгүй бол тэр роман шидэт реализмын төлөөлөл болж Америк тивийн уран зохиолын түүхийн онцгой нэгэн бүтээл байж чадах байр нь ганхана. Домог түүх, түүхэн үнэн болоод худал, нийгмийн хийгээд хувь хүний сэтгэлзүй, ой санамж, зөн билэг, зүүдний олон төрөл, бидний мэдэх болон мэдэхгүй ахуйн тэр бүх ертөнцийг тоочин бичихдээ хоорондын уялдааг огтхон ч таслаагүй байдаг. Тиймдээ ч дөрвөн зууны турш баримталж ирсэн ёс жаягийг Рушдигийн “сахиусан тэнгэр” хэмээн тодотгосон түрэг маягийн төрхтэй, колумб хүү зөрчиж орхиод шинээр дахин боловсруулсан юм.

Нэгэнтээ “Зуун жилийн ганцаардал”-ыг уншиж дуусгачихаад хэд хоногийн дараа нэхэн санах үед хурандаа Аурелиано Буэндиагийн Урсулад хэлдэг “Хүн үхэх ёстой болохоороо үхдэггүй, чадах цагтаа л үхдэг юм” гэх үг ой тойноос гаралгүй үлдчихсэн байж билээ. Магадгүй романы дүрүүд анхнаасаа л хувь заяанаас юу ч нэхдэггүй, гомдоллож тунидаггүй, үхэж чадах цагтаа л хоргодох зүйлгүйгээр явж чаддаг болж бүтээгдсэн билээ. Маркес ч бас үхлийг эмэгтэй хүний дүрээр морилдог гэж итгэдэг байсан учраас романуудынхаа баатруудын адилаар өөрийгөө шар эрвээхэйн сүнсэнд хувирах тэр агшнаас огтхон ч айж эмээдэггүй байсан болов уу.

Сайхан Елена л үгүй бол Ахейн эрс дайнд мордох шаардлага байгаагүй. Гэтэл Маркесийн бүтээсэн дэлхийн хамгийн хайр татам эмэгтэй болох сайхан Ремедиос огт өөр ертөнцийн хүн. Магадгүй энэ романд гарах олон дүрүүдээс ялгаатай нь Ремедиос бол сахиусан тэнгэр бөгөөд хүн биш юм. Тэр уншиж, бичиж ч мэдэхгүй, гэр дотуураа чармай нүцгэн явах буюу дүрэм журмыг үл харгалздаг нэгэн. Эрчүүдийн сэтгэлийг үймүүлж аргалж болшгүй сэрэл мэдрэмж төрүүлэх түүнийг үхэл таригч ч хэмээн нэрийддэг. Гэхдээ сахиусан тэнгэр ямарч үхэл хэн нэгэнд бэлэглээгүй билээ. Магадгүй тэгсэн бол жинхэнэ ид шид бий болж романы уянгалаг чанар түр зуур тасалдах байсан байж магадгүй. Угтаа Макондо даяар урссан цус бүх л хүмүүсийн оюун санаагаар дайран өнгөрч байсан шүү дээ. Гэхдээ мөн чанартаа хэн ч энэ амьдралаас, нийгмээс юу ч нэхээгүй, тэд өөрсдийн бардам занг хадгалсан чигтээ дуугүй хэвээр сууцгаасан. Жишээ нь гэвэл Урсула өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан болсон гэж зарлахгүй гэсэндээ сохор болсноо тас нуудаг.



Харин өнөөх сахиусан тэнгэр маань цагаан давуунаас зууран хүчит салхины аясаар нисэн оддог. Сайхан Ремедиосын үхлийг Маркес хамгийн гоёор зурсан байдаг. Түүнээс бусдынх нь маш чимээгүй, зарим дүрийнх нь үхэл ч илчлэгддэггүй.

“Бараг таг сохорсон ч гэсэн ухаан саруулхан хэвээр байгаа Урсула л энэ дийлдэшгүй салхи ямар салхи болохыг мэдэж, гялалзсан урсгалынх нь аяар цагаан даавууг тавин харвал Сайхан Ремедиос дэрвэлзэх цасан цагаан даавуун дунд салах ёс гүйцэтгэн гар даллан далласаар хөөрөн одож, цох нисэж, мандирваа цэцэглэх агаарын давхрааг орхиод, өдрийн дөрвөн цаг ч болоогүй байсан агаарыг нэвтлэн гараад, ой дуртгалын хамгийн өндөрт нисэгч шувуухайн ч гүйцэхээргүй алсын тэр агаарт үүрд замхран алга болвай”. |орч.Го.Аким|

Ой дуртгалын хамгийн өндөрт дүүлэн хүрдэг шувуухайн ч гүйцэхгүй алс руу сахиусан тэнгэр л явж чадна. Бусад нь халуун салхи үлээж, дээвэр нь зэвэрч гүйцсэн оромжиндоо чимээгүйхэн мөнхийн хутаг олно. Хүн л тэр өндөрт гарч хэзээ ч чаддаггүй учраас Английн номлогч Жозэф Глэнвилл “Хүмүүн сэтгэлийн үхээнц байдлаараа үхэлд ч, сахиулсан тэнгэрүүдэд ч хавьтан дөхөж чаддаггүй сул дорой амьтас билээ” хэмээн хашгирсан биз ээ.

Хүний оюун санаанд төрж болох бүхнийг урлаг, түүх, үлгэр домогтой хольж хутгаад шинэ үзэл санааг биежүүлж гаргах боломжтой замыг залуухан колумб хүү зааж өгчээ. Олон жил үргэлжилсэн дайн, Хурандаа Аурелиано Буэндиа шиг эх оронч цэргүүдийн гавьяаг далдуур наймаалцан байх гутамшигт үйлдлүүд бүгд л нийгмийн ёс жаяг, бодит байдлаас хэт хол бүтээгдсэн дүр эсгэлт биш. Тиймэрхүү романууд “Зуун жилийн ганцаардал”-ын өмнө, хойно хэдэн саяар л  бүтээгдсэн. Гэвч аялал амархан дуусдаг. Харин “Маркес” гэсэн нэртэй номууд үүргэвчиндээ чихчихсэн, уран зохиолын уншигчийн Макондод хийх аялал хэзээд үл дуусна.

ГАБОГИЙН СУРВАЛЖИЛСАН ГЭМТ ХЭРЭГ

Маркесийн богино хэмжээний хүүрнэл зохиолуудаас хамгийн их яригддаг, олон зуун сая уншигчдын хүртээл болсон бүтээл нь “Зарлагдсан үхлийн товчоон” юм. Зохиолын үйл явдал Карибын тэнгисийн эрэгт орших нэгэн тосгонд өрнөдөг. Энд ч бас шашин шүтлэг, зүүд зөн, хүмүүсийн сэтгэлзүйн олон талт байдал, нийгмийн эмгэнэлийг бараан егөөдлөөр зуран үзүүлсэн нь харагдана. Макондо бүтээл болгонд өнгөө хувиргаж, Маркес далавчнаасаа шинэ өд сугалсаар байсныг уг тууж илтгэн харуулдаг.

Ерөөс байх боломжгүй эсвэл маш аймшигтай үйл явдлыг жирийн л зүйл мэтээр санаж, унших явцад сэтгэл түгших асуудал гарахгүй. Байх л ёстой мэт санагдана. Гэвч туужийн төгсгөлийн “авай” гэх үгийг уншиж дууссаны дараа түмэн асуулт ургана. Аллага үйлдсэн ихэр ах дүү Викарио, гэнэт л гарч ирээд тосгоныхны амьдралын хэмнэл, түүхийг өөрчилж орхисон Байардо Са Роман, үйл явдлыг үүсгэгч Анхела Викарио болон аллагын тухай Сантьяго Насарт сэрэмжлүүлж үг хэлээгүй хүмүүсийн яг хэн нь буруутайг хэн ч мэдэхгүй. Насар өөрийнхөө үхэлд ч буруутай байж мэдэхээр хоосон өрөөнд уншигчийг аваачиж цоожилчихоод Маркес түлхүүрээ хэдийн халаасандаа хийгээд явж оджээ.

Туужийг Сантьяго Насарын үхлийн шалтгааныг тодорхой болгохын тулд дотны нөхөр нь аллагатай холбоотой бүх л хүмүүстэй уулзаж, нэг ёсондоо сурвалжилга хийж яваа мэтээр зохиомжилсон байна. Магадгүй тэгж байж “товчоон” болно шүү дээ. Карибын тэнгисийн эрэг дээрх уг тосгонд нэг л өдөр Байардо Сан Роман гэх нууцлаг бөгөөд нэлээдгүй хөлжсөн залуухан эрхэм ирдэг. Тэрээр уг тосгоноос өөрийн эхнэрийг олж Анхела Викариотой хуримлахаар болно. Гэвч хүүхэнд залууг гэх сэтгэл байсангүй. Тосгон даяар найрлаж, цэнгэн хөгжилдөж байх буюу хуримын анхны шөнө Байардо Сан Роман сүйт бүсгүйгээ онгон бус гэдгийг мэдээд гэрт нь оруулж өгдөг. Мэдээж эх нь галзуурсан мэт уурлаж охиноо зодох бөгөөд хоёр их ах болох Педро, Пабло нар дүүтэй унтсан эрхмийг хөнөөж гэр бүлийнхээ нэр хүндийг балчиг намагаас татаж гаргахаар шийднэ. Харин тэр хүн нь Сантьяго Насар байв.

“Анхела дахин төрсөн юм. “Би түүнд үхтэлээ дурлачихсан. Ямар ч аргагүй бүр галзуурсан гээч” хэмээн надад ярив. Нүдээ анихад л тэр харагдаж, далай тэнгист ч түүний амьсгааг сонсож, шөнө дунд ч бие нь халуу шатан сэрдэг байв”. |орч.Б.Нямдорж|

Бараг бүтэн нэг бүлэг Анхела Викариогийн хайртай залуудаа бичсэн захидал Маркесаас л гарч болох хайр сэтгэл, шунал тачаалын амьсгал, санаанд оромгүй ч гэлээ хэзээд үнэнээс үл гажих гунигт төгсгөлтэй үг өгүүлбэрээр дүүрэн байдаг. Анхела Викарио хэлсэн болохоос Насартай унтсаныг, тэд ойртож байсныг хэн ч хараагүй. Эмэгтэй түүнд хайртай учраас, Насар түүнийх л биш бол хэнийх ч биш гэсэндээ худал хэлчихэв үү гэдгийг таахад амаргүй. Гэтэл Байардо Сан Роман үхлүүт мэт ухаангүй тосгоноос явсны дараа Анхела Викарио түүнд дурлаж шинээр төрсөн нь хариултыг улам л нууц болгож байна.

“Зуун жилийн ганцаардал”-ыг бүтээсэн шиг нэг тийм эргэн дурсах хэмнэлээр бичигдсэн, чимээгүйхэн хөвөөд л байдаг бичлэгийн арга барил туужийн өнгө аясыг гунигтай болгоод зогсохгүй оноосон нэргүй хүүрнэгчийг олон жилийн хойно мөрдлөгө хийлгэж аллагын араас явуулсан нь урдуураа хэнд ч харагдахгүй торон хөшиг татчихаад зохиолоо бичиж дуусгасан мэт санагдана. Дараа нь ч тэр хөшигнийхөө араас уншигчдын шоолж суух дүрсгүй өвгөний дүр тархинд тодхон бууна.



Цайлган Эрендирагийн эмээгийн үхлийг Маркес хэрхэн дүрсэлдэг билээ. Сантьяго Насарынх ч яг адилхан. Гэтэл тэр олон арван удаа хутгалуулж, цувсан гэдэснийхээ тоос шороог арилган байж гэр дотуураа алхсаар байсан гээд бод. Маркесын зохиолд л ийм зовлонгоор дүүрэн хөвөрсөн санаа алдалтуудтай тааралдана.

“Түүнийг харанхуйн дунд тэмтчин байж энэ болон нөгөө ертөнцийн толгой эргэм, тоо тоймгүй олон нэрсийн дундаас шууд эрж олонгуутаа, тэртээ тэргүй тодорхой болсон хувь тавилангийн эргэлт буцалтгүй, эргэлзээгүй тогтоолыг хананд эрвээхийг ганцхан хатгалтаар нэвт сүлбэх мэт зарлаж орхих нь тэр”.

“Аз жаргалынхаа үлдэгдэл юмсыг үхлийн ертөнц дахь гэр рүүгээ зөөсөөр байгаа хүн нь би өөрөө юм шүү”.

“Бие рүү дүрсэн хутга ямар ч цусгүй, цэвэрхэн гарч ирээд байсан нь ёстой гайхмаар. Би дорж хаяж түүнийг гурван удаа хутгалсан Гэтэл хүний урманд дусал цус ч гараагүй” хэмээн Педро Викарио мөрдөн байцаагчид мэдүүлсэн байв.

Энэ бүхэн Маркесийн хүүрнэлд л таарах дүрслэлүүд мөн. “Кихот ноён” бичигдэж Сервантес бусад баатрын сэдэвт нүсэр романуудыг шоолж хэвтсэн шиг Маркес уг туужийг 1981 онд бичиж эх адаг нь олдохооргүй болсон олон ном хэвлэлийн дундуур харцага шонхор гэрэл татуулан өнгөрөх зам мөр гаргасан юм. Мэдээж тэр удаан хугацааны турш завсарласан уран зохиолдоо эргэн ирэх үе. Тиймдээ ч Салман Рушди Зарлагдсан үхлийн товчоон” бол удаан хугацааны аниргүйн дараах хачирхалтай сайхан чимээ юм хэмээсэн байдаг.

Эргийн тосгоны гэмт хэрэг ч тэр Макондо ч тэр, эмээгийн ярьдаг асан үлгэрүүдийнх нь ямархан хий биет Маркесын дотор оршиж нууцлаг, байж ядсан хэрнээ үрэлж л тэвчих зовлон зүдгүүрийнхээ дундуур “Хурандаад хэн ч бичихгүй” туужийнх нь өвгөн, эмгэн шиг бөгтийн алхах дүрүүдийг бичүүлж, дэлхийн хамгийн сонирхолтой сэтгэл татам тосгодын хана, хашааг бариулсныг бид мэдэхгүй. Хариг улс гүрэн болгонд Макондо бий гэдгийг л сайн мэднэ. Энэ тосгон, зохиолын бүх л дүрүүд бидний дунд оршиж байгаа. Сюрриализмын урсгал “метафорлог” хэмжээнд хүртэл хөгжиж Маркесийн шидэт реализм бий болсон ч хийсвэрлэл нь бодит ахуйд үнэхээр оршиж чаддагаараа л тэр гайхалтай илбэчин бөгөөд хүн бүрт өөрийн гэсэн бяцхан диваажинг нь бүтээж өгдөг билээ.
 
Тоймч: Б.Алтанхуяг
 
 


Монгол брэнд