top banner

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих ажил эхлэв


2018-07-22 13:55:50
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 5-р сард Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессын гэрээгээр барихаар шийдсэний дагуу хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажил эхлээд байна.
 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Цэнгэлийн хэлж байгаагаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихаар “Монголын төмөр зам” ТӨХК “Дорнын төмөр зам” компанитай хамтран тусгай зориулалтын “Зүүнбаян” компанийг байгуулаад байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км урт төмөр замыг барих нь манай улсын эдийн засагт олон талын ач холбогдолтойг тэрээр хэлэхдээ, “Бүтээн байгуулалтын энэ шинэ ажлаас олон талын ирээдүйг харж болно. Тухайлбал, шинээр барих төмөр зам гол төв төмөр зам руугаа нийлж, Тавантолгойн коксжсон нүүрсийг зөвхөн урд хөрш рүү гэлтгүй, ОХУ руу гарах боломжийг нээж өгөх юм. Цаашлаад “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 1-р үе шат болох Сайншандаас Хөөт, Хөөтөөс Чойбалсан, Чойбалсангаас Эрээнцав руу гарах дараагийн маршрутыг хөдөлгөх бодлого хэрэгжих юм. Дээрээс нь олон жил ярьж буй Сайншандын Аж үйлдвэрийн парк руу хөтлөж холбох зэрэг ач холбогдолтой. Манай улс нүүрсээ зөвхөн гадагш нь гаргах бус мөн нэг хэсгийг нь нэмүү өртөг шингээх нь чухал гэдэг үүднээс нүүрснээс гардаг олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх дагдалдах үйлдвэрүүдийг барихад шинээр барих Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам чухал үүрэг гүйцэтгэнэ. Ийм олон талын ач холбогдолтой төмөр зам юм” гэж байна.
Шинэ төмөр замыг барих ажлын явцын талаар мэдээлэхдээ тэрээр, “Одоогоор төмөр зам барих урьдчилсан ТЭЗҮ-г гадаадын компанитай хамтран гаргаад байна. Хөрөнгө оруулалтын асуудлыг манай 49 хувийг эзэмшиж буй компани шийдэж, бүтээн байгуулалтын ажил энэ зунаас эхэлж байна” гэв.
 Б.Болд

Монгол брэнд