Найман аймгийн 58 сумыг цахилгаанаар бүрэн хангаад байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-07-22 15:53:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үер усны үеэр яаралтай арга хэмжээ авч гэмтэл засварыг хийснээр улсын хэмжээнд цахилгаан, эрчим хүч тасарсан сум,орон нутаг байхгүй байна гэж ЭХЯ-наас мэдээлж байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн өдрийн 16 цагийн үед орсон усархаг бороо,мөндөр, хүчтэй салхины улмаас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харьяа Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 бетон тулгуур багана, “Эрдэнэт- Булган цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн харьяа Хархорин-Хашаат чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 19 модон тулгуур, Хархорин-Хотонт чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 модон тулгуур унаж, тэдгээрийн дамжуулагч утас, аянгын тросс, изолятор, траверсууд бүрэн гэмтсэн аваар гарсан юм. Үүний улмаас Архангай аймгийн 15, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 4, Өвөрхангай аймгийн 20, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, Дундговь, Өмнөговь, Завхан аймгийн тус бүр 1, нийт 9 аймгийн 69 сум цахилгаангүй болсон юм. 

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаар ахлуулсан “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” болон Эрдэнэт- Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хамтарсан баг яаралтай арга хэмжээ аван 36 цагийн турш ажилсны үр дүнд энэ оны долдугаар сарын 19-20-ны шилжих шөнө 3 аймгийн 11 сум, долдугаар сарын 21-ний өглөөний 06.21 минутад 8 аймгийн 58 сум эрчим хүчээр бүрэн хангагдаад байна. Ингэснээр улсын хэмжээнд гэмтэл аваарын улмаас эрчим хүч тасарсан сум,орон нутаг байхгүй болж байгаа юм.
Мөн Эрчим хүчний дэд сайд бөгөөд Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн ахлагч Т.Гантулга ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн гэнэтийн хүчтэй аадар бороо байгаа тул Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын тоног төхөөрөмж, машин механизмын найдвартай ажиллагааг хангах, батласан горимын дагуу бэлэн байдалд ажиллах, үер усны аюулд өртөж болзошгүй дамжуулах, түгээх шугам сүлжээ тоноглолуудад байнгын хяналт тавин урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын гүйцэтгэх захирал нарт үүрэг болгоод байна.
Холбоотой мэдээ