Цахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийлжээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-07-23 15:39:52
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Долдугаар сарын 20-ны өдрийн 10 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Улаанбаатар салбарын 110КВ-ын анкер тулгуур унах аюултай байна гэсэн дуудлага Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирсний дагуу холбогдох албаныхан газар дээр нь үзлэг шалгалт хийж оройн 20 цагийн орчимд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Дээрх Буянт Ухаа А Б 110кВ-ын шугам нь 2016 онд ашиглалтад орсон ба газар чөлөөлөөгүйгээс шалтгаалж Туул голын дундах арал дээр байрлуулсан байна.

Тус тулгуур байрласан арал нь хүчтэй борооны улмаас эргийн нуралт үүсч, анкер тулгуурын бетон суурьд нөлөөлж хазайлт өгч улмаар унах аюул үүсэж болзошгүй байсан тул хугацаа алдалгүй арга хэмжээ авахаар хотын ерөнхий менежерээс холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч нэмэлт бүрэлдэхүүнийг татан оролцуулж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ус шингээгч эко уут 300ш, болон 600 шуудай хайрга дайргаар  40 орчим метр урт 5-6 метр өргөн далан үүсгэж тус анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Дээрх шуурхай ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Инженерийн байгууламжийн хэлтэс, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-нийн Улаанбаатар салбарын засварын бригад бүрэн бүрэлдэхүүнээрээ, Нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, Авто зам гүүрийн “Гангүүр” ХХК, Эрчим хүчний барилга угсралтын “Алтай Трейст” ХХК зэрэг 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг хотын ерөнхий менежерийн удирдлага дор 8 цагийн турш ажилласан байна.
Холбоотой мэдээ