top banner

А.Ганбат: Эдийн засгийн өсөлт 2019 онд 6.3 хувьд хүрэхээр байна


2018-07-25 16:45:24
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга А.Ганбаттай тодрууллаа. 

-Санхүүгийн тогтвортой байдал гэж юу вэ? Яагаад үүнд төв банк онцгой анхаарах ёстой вэ гэдэг асуултаас ярилцлагаа эхэлье?

- Санхүүгийн тогтвортой байдал гэдэг нь тухайн улсын санхүүгийн системийн найдвартай байдал буюу системийн эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлсэн төлөвийг хэлнэ. Системийн эрсдэл гэдэгт нийт санхүүгийн салбарт доголдол үүсгэж, санхүүгийн зуучлал, үйлчилгээнд тасалдал үүсгэх, улмаар бодит эдийн засагт ноцтой сөрөг үр дагавар авчрах эрсдэлийг хамааруулдаг. Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн 2008-2009 оны хямралаас өмнөх хугацаанд улс орнуудад мөнгөний уламжлалт бодлого нь өөрийн зорилтод хүрч, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн сацуу үнийн тогтвортой байдлыг хангаж байсан бол бодлогын хүрээнд орхигдсон зүйл нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах асуудал байв. Уг хямралаар санхүүгийн тогтвортой байдал нь макро эдийн засгийн тогтвортой байдалтай харилцан уялдаа бүхий чухал зүйл гэдэг нь тодорхой харагдсан. Хямралын дараа санхүүгийн тогтвортой байдлыг хангах  чиг үүрэг бүхий институцийг шинээр байгуулах, өмнө байсан институцийн загвараа шинэчилж буй орнуудын тоо өссөөр байна. Манай улсын хувьд 2010 онд Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Монгол Улсын санхүүгийн тогтолцоо, түүний тогтвортой байдлыг хангах чиг үүрэг бүхий Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөлийг үүсгэн байгуулан, ажиллаж ирсэн.

-Санхүүгийн тогтвортой байдлын ажлын алба хагас жил тутамд санхүүгийн тогтвортой байдлын тайланг олон нийтэд хүргэдэг. Саяхан тайлангийн 11 дэх дугаар хэвлэгдсэн байгаа. Энэ удаагийн тайлангийн гол онцлог юу байв?

- СТБЗ-ийн Ажлын алба нь Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох газруудтай хамтран, тайлан мэдээллийг хүлээн авч, тус тайлангийн эхний 10 дугаарыг боловсруулж, олон нийтийн хүртээл болгосон. Харин энэ удаа Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон Хадгаламжийн даатгалын корпорациас “МУ-ын Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-гийн 11 дэх дугаарыг эрхлэн гаргалаа. Тус тайланд хадгаламжийн даатгалын талаарх дэд бүлэг болон СТБЗ-ийн Ажлын албанаас Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран анх удаа зохион байгуулсан “Монгол Улсын нийт арилжааны банкуудын эрсдэлийн хүлээлтийн судалгаа”-ны талаар тусгасан нь өмнөх дугааруудаас онцлог байв. Энд 2018 оны 1 дүгээр сард батлагдсан Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал мөн гишүүнээр орж байгааг дурдах нь зүйтэй болов уу.  

- ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилтүүд санхүүгийн тогтвортой байдалд хэрхэн эерэгээр нөлөөлж буй талаар тодруулахгүй юу?

- Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ болон гадаад эдийн засгийн таатай нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засагт нааштай үр дүн гарч, хөтөлбөрийн хүрээнд тавьсан зорилтууд бүрэн хангагдаад байна. Түүнчлэн төсвийн тогтвортой байдал сайжирч, өрийн дарамт болон гадаад эрсдэл буурсан ба ОУВС-гаас гаргасан тооцооллоор Монгол Улсын бодит эдийн засгийн өсөлт 2018 онд 5.0 хувь, 2019 онд 6.3 хувьд хүрэхээр байна. Улмаар 2018 оны 6 дугаар сард ОУВС-гийн гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн 4 дэх шатны үнэлгээг дүгнэж, 26.2 сая зээлжих тусгай эрх (SDR) буюу 36.9 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс ОУВС-гаас хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 131.0 сая зээлжих тусгай эрх буюу 184.5 сая ам.долларын санхүүжилтийг хүлээн авч, энэ хэмжээгээр гадаад валютын орох урсгал нэмэгдэж, албан нөөцийг өсгөх боломж бүрдэв. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой банкны салбарын активын чанарын үнэлгээ (АЧҮ)-г олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу гадаадын хөндлөнгийн аудитын компаниар амжилттай гүйцэтгүүллээ. Үнэлгээний үр дүнд банкны салбарын нийт өөрийн хөрөнгийн дутагдал 2017 оны эцсийн байдлаар ДНБ-ий 1.9 хувьтай тэнцүү гарсан бөгөөд Монголбанкнаас тодорхой заасан хугацаанд багтаан өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүргийг арилжааны банкнуудад өгөөд байна. Энэ нь банкны салбарын тогтвортой байдлыг хангах томоохон алхам юм.

-СТБЗАА-наас Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран нийт арилжааны банкнуудын эрсдэлийн хүлээлтийн судалгааг хийсэн байсан. Энэ судалгааны үр дүн хэрхэн гарсан бэ?

-2018 оны 1-2 дугаар сард системийн эрсдэлийг эрт үед нь илрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Банкнуудын эрсдэлийн хүлээлтийн судалгаа”-г Монголбанкны захиалгаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн анх удаа зохион байгууллаа. Судалгааг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банкны эрсдэлийн удирдлагын газар, хэлтсийн захирлуудаас асуулга хэлбэрээр авсан. Судалгааны асуулгад банк, санхүүгийн салбарт түгээмэл учирдаг, голлох эрсдэлүүдийн түвшинг тодорхойлох, үнэлэх зорилготой асуултуудыг багтаасан юм. Судалгааны голлох үр дүнгүүдээс товч дурдвал нийт судалгаанд оролцогчид банкны салбарт тулгарах голлох эрсдэлүүдийг 2017 онтой харьцуулахад 2018 онд дунджаар буурах эсвэл өөрчлөгдөхгүй гэсэн хүлээлттэй байна. Харин банкны бүлгүүдээр авч үзвэл том банкнуудын хувьд өөрсдийн банкинд тулгарах зээлийн, макро эдийн засгийн, дүрэм журам мөрдөх үйл ажиллагаатай холбоотой, байгууллагын нэр хүндэд тулгарах эрсдэлүүдийг 2018 онд дунджаар бага зэрэг буурна, харин зах зээлийн болон хөрвөх чадварын эрсдэлүүдийг дунджаар өөрчлөгдөхгүй гэж хүлээж байна. Дундаж банкнуудын хувьд өөрсдийн банкинд тулгарах зээлийн эрсдэлийг 2018 онд дунджаар бага зэрэг буурна, харин бусад эрсдэлүүдийг өөрчлөгдөхгүй гэж үзэж байна. Жижиг банкнуудын хувьд дүрэм журам мөрдөх үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийг 2018 онд дунджаар бага зэрэг буурна, харин бусад эрсдэлүүдийг өөрчлөгдөхгүй гэсэн хүлээлттэй байна гэж хариулжээ.

-Цаашид Санхүүгийн тогтвортой байдлыг хангахад төр засаг голлон анхаарвал зохих асуудал юу байна вэ? Энэ талаар тайланд тусгайлан дурдсан уу? 

Цаашид ОУВС-гийн хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх, төсвийн болон мөнгөний бодлогын харилцан уялдааг хангах, мөчлөг сөрсөн макро зохистой бодлого хэрэгжүүлэх нь Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой байгааг энэхүү тайланд дурдсан.

Монгол брэнд