Хүн төрөлхтөн зэрлэг хөхтөн амьтдын 83 хувийг устгажээ

Дэлхийн мэдээ | Сонин хачин
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-31 11:41:58
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /Globalcitizen/. Дэлхий дээр амьдарч буй 7.6 тэрбум хүн манай гараг дээрх бүх биомассын 0.01 хувийг эзэлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Энэхүү судалгааг АНУ-ын Шинжлэх ухааны академийн мэдээ сэтгүүлд нийтэлсэн байна.

Судалгаанд дурдсанаар, бактери дэлхийн нийт биомассын 13 хувийг, ургамал 83 хувийг, амьтай бусад бүх төрөл зүйлүүд 5 хувийг эзэлдэг ажээ.

Хүн төрөлхтөн дэлхийн биомассын өчүүхэн хэсгийг эзэлдэг хэдий ч тэд өнгөрсөн хэдэн мянган жилийн хугацаанд бүхий л зүйлийг устган сүйтгэсээр иржээ. Үнэндээ хүн төрөлхтөн зэрлэг хөхтөн амьтдын 83 хувийг устгаж, дэлхийн тэн хагасыг сүйтгэсэн байна гэж судалгаанд дурджээ. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөн зэрлэг амьтдыг устгаад зогсохгүй тэжээвэр амьтад, ургамлыг устгасаар байна.

Дэлхий дээр амьд үлдсэн бүх шувуудын 70 хувь нь аж ахуйн тахиа болон фермийн зориулалттай шувууд байгаа бол нийт хөхтөн амьтны 60 хувь нь фермийн мал, 36 хувь нь гахай, 4 хувь нь зэрлэг амьтад байна. Фермийн болон зэрлэг амьтдын хооронд ийм том зааг, тэнцвэргүй байдал үүсээд байгаа нь хүн төрөлхтний соёл иргэншил, нөөцийн олборлолт, аж үйлдвэрийн тэлэлт зэргээс үүдэлтэй юм гэж судалгаанд дурджээ.

Үүний зэрэгцээ өнгөрсөн зуунд далайн хөхтөн амьтны тоо толгой 80 хувиар буурсан байгааг судалгаагаар тогтоожээ.

Мөн амьтад болон ургамлын төрөл зүйлүүд устаж байгаа талаар өөр судалгаанд дурдсан байна. Үүнийг эрдэмтэд тайлбарлахдаа, дэлхий дахинд зарим амьтны төрлүүд устаж үгүй болох түвшинд хүрээд байгаа бөгөөд энэ нь дэлхий дахин зургаа дахь удаагийн их устгалын үедээ ороод байна гэжээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ