top banner

Америк-Хятадын худалдааны дайн Төв Азийнханд хожоотой тусна


2018-07-31 12:57:55
Зураг
Вашингтон, Бээжин хоёрын хооронд дэгдэж, улам даамжран ширүүсч буй худалдааны дайн нь Төв Азийн бүс нутагт ашигтай тусч мэдэхээр байна. Хятад улс өмнө нь голдуу АНУ-аас худалдан авч байсан бараа бүтээгдэхүүнийг тус бүс нутгийн улс орнуудад их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Түүнээс гадна, Хятадын “Нэг бүс, Нэг зам” мега төслийн ачаар Хятад улс болон Төв Азийн орнуудын хоорондох тээврийн сүлжээ эрс сайжирч, барааг тээвэрлэхэд хялбар дөхөм болсон билээ.    

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 1 дүгээр сараас эхлэн Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд шинээр гаалийн татвар ногдуулсан юм. Хятадын 34 тэрбум долларын бараанд татвар ногдуулах тухай шийдвэр 7 дугаар сарын 5-нд хүчин төгөлдөр болсны дараа Бээжингийн эрх баригчид Америкийн экспортлогчдод хариу цохилт өгч, шар буурцагнаас авахуулаад цахилгаан автомашин хүртэлх олон төрлийн бараанд татвар ногдуулсан байна.

Үйл явдал ийнхүү өрнөж байгаа үед Төв Азиас Хятадад нийлүүлж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ өсчээ. Тухайлбал, Казахстан улс гэхэд энэ оны 3 дугаар сарын байдлаар Хятадад нийлүүлэх улаан буудайгаа 50 хувиар нэмэгдүүлсэн байна. 6 дугаар сард Казахстаны Хөдөө аж ахуйн сайдын мэдэгдсэнээр бол, 2020 он гэхэд улаан буудайн нийлүүлэлт 2016 онтой харьцуулахад 3 дахин өсөх аж.  
АНУ, Хятад хоёрын зөрчлөөс үүдэн Төв Азитай хийх худалдааны эргэлт тэсрэлт маягаар огцом өснө гэж хэлэхэд эрт байна, гэхдээ Хятадын худалдан авагчдын хувьд өөр гарц хувилбар байгаад сэтгэл хангалуун байгаа нь илт.
 
“Бид дөнгөж саяхнаас л Казахстанаас улаан буудай худалдан авч эхлээд байна. Одоохондоо хэдхэн мянган тоннын захиалга өглөө. Энэ бүтээгдэхүүнийг бид хэр зэрэг амжилттай борлуулах вэ, ашиг орлого хэр байх вэ гэдгийг харзнаж байна. Хэрвээ сайн бараа байвал бид худалдан авалтаа нэмэгдүүлнэ. Энэ бүхэн нь одоо өрнөж буй худалдааны дайнтай холбоотой” гэж Хятадын нэгэн арилжаачин /трейдер/ Америкийн СNBC сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн юм.
 
Казахстаны тал Хятадад нийлүүлэх шар буурцагныхаа хэмжээг нэмэгдүүлэхийг хүсч байна. Шар буурцаг бол АНУ-аас Хятадад нийлүүлж байсан экспортын гол бүтээгдэхүүн байсан юм. Өнгөрсөн намар гэхэд Казахстанаас Хятадад 8,4 мянган тонн шар буурцаг нийлүүлжээ. Энэ оны 5 дугаар сард Америкаас шар буурцаг худалдан авахаа бүрмөсөн зогсоосныхоо дараа Хятад улс Казахстаны хойд нутгаас уг бүтээгдэхүүнийг импортлох гэрээ байгуулсан байна. Казахстанаас импортолж буй шар буурцагны хэмжээ нь 100 сая тонноор хэмжигдэх Хятадын хэрэгцээний өчүүхэн бага хувийг эзлэх боловч цаашдаа өсөх хандлага илт харагдаж байна.

Казахстан бол “Нэг бүс, Нэг зам” төслийн хүрээнд хамгийн ихээр хөрөнгө оруулалтыг авч буй улсуудын нэг юм. Хятадын удирдагч Ши Жиньпин 2013 онд Астанад айлчлах үеэрээ уг төсөл хэрэгжиж эхэлснийг зарлан мэдэгдсэн билээ. Нэг жишээ дурдахад, “Нэг бүс, Нэг зам”-ын хүрээнд санхүүжүүлсэн Хятад-Казахстаны зөвхөн ганцхан ложистикийн сүлжээгээр дамжуулан энэ оны 2 дугаар сараас хойш Казахстанаас 13,5 мянган тонн улаан буудай нийлүүлжээ.



Америк-Хятадын худалдааны дайн нь Узбекистанд ч гэсэн хожоотой тусах бололтой. Өнгөрсөн онд тус улс шинэ дэд бүтцийн төслүүдийн хүрээнд Хятадтай 20 тэрбум долларын гэрээ байгуулсан байна.

Вашингтоны хийж буй үйлдлийн хариуд Хятадын тал татвартай холбоогүй зарим арга хэмжээг авч эхэлжээ. Тухайлбал, Америкийн бараануудад гаалийн бүрдүүлэлт хийх ажиллагаа илт саатах болсон тухай Хятадын  «Саут чайна морнинг пост» сонинд бичсэн байна. Иймээс Хятадын худалдаа эрхлэгчид өөр гарцуудыг хайж эхэлжээ. Тэдний зарим нь алс холыг зорилгүйгээр хөрш орнуудаас боломжийг хайх болов. Тухайлбал, Хятадын нэгэн жимс импортлогч компани Америкаас худалдан авалт хийхээ зогсоож, Узбекистан, Киргизээс жимс тээвэрлэж эхэлсэн байна. Учир нь, “Нэг бүс, Нэг зам”-ын дагуух шалган нэвтрүүлэх цэгүүдэд гаалийн бүрдүүлэлт болон хорио цээрийн хяналтыг илүү хурдан шуурхай, чирэгдэлгүйгээр хийдэг аж.
 
Энэ нийтлэлийг Жон Хопкинсын нэрэмжит Олон улс судлалын сургуульд магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй Сэм Рэйнольдс бичжээ.

Орчуулсан Б.Адъяахүү  

Эх сурвалж: https://eurasianet.org/s/central-asia-sees-opportunity-in-us-china-trade-war
 


Монгол брэнд