Зургаан түмэн сарлагийн баяр боллоо

Фото мэдээ
munkhzul@montsame.mn
2018-08-01 16:06:09
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Зургаан түмэн сарлагийн наадмыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ЗДТГ, ИТХ, Хүүхдийн төлөө “Халуунболор” төв, Байгаль орчин, аймгийн Гадаад харилцаа, аялал жуулчлалын албатай хамтран зохион байгууллаа.
Улсдаа сарлагийн тоогоор хоёрдугаарт ордог Эрдэнэцогтчууд энэ жилийн сарлагийн баярыг олон нийтэд сонирхолтой болгоход анхаарч ердийн хөсгийн цуваа, сарлаг унасан сайхан хос, сайхан бух, эмнэг сарлагийн үхэр, уран бугуйлч зэргийг шалгаруулж, сарлагийн уралдааныг зохион байгуулжээ. Мөн үеэр дуутай хурууны наадгайг зохион байгуулсан нь дотоод, гадаадын жуулчин, нутгийн түмний хувьд үзүүштэй, сонин арга хэмжээ болжээ. Сонирхуулахад, дуутай хуруу наадгайг Монголын соёлын өвд бүртгүүлэх ажлыг Эрдэнэцогт сумын удирдлагууд шат дараатай хийж байгаа аж.
                                                                                                                  Б.Мөнхзул