top banner

Ханхонгор суманд "Монголын нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээ зохион байгуулав


2018-08-06 10:05:17
Зураг
Өмнөговь/МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутагт 3 дахь жилдээ зохион байгуулсан "Монголын нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээ энэ сарын 5-нд Мандах багийн төвд боллоо. Уг арга хэмжээг нь малчдын холбоотойгоо хамтран малчид өөрсдөө оролцож, зохион байгуулдгаараа онцлог юм. Энэ удаагийн арга хэмжээг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-аас ивээн тэтгэж, Монгол говь нүүдэлч малчдын холбоо, Бэлчээр ашиглалтын ногоон алт төслөөс зохион байгууллаа.

Мөн энэ удаагийн арга хэмжээнд малчдынхаа бүлгүүдийг дэмжиж ажилласан Жуулчин говь, Ханбогд, Түвшин наран, Говийн нүүдэлчдийн өргөө жуулчдын баазууд болон Малчны хотхон хошооныхонд зохион байгуулагчдын зүгээр талархал илэрхийллээ. "Энэ жилийн хувьд бороо хур элбэг, үер ус их байсан хэдий ч цагийн хүндэд сэтгэл, зүтгэл гарган ирж оролцсон нийт малчдын бүлгийн ахлагч нар, малчиддаа гүнээ талархаж байна" Бэлчээр ашиглалтын ногоон алт төслийн Өмнөговь аймаг дахь зохицуулагч Д.Мядагсүрэн хэллээ. 
Уг арга хэмжээний үеэр араг үүрч савраар аргал түүх уралдаан зохион байгуулсан оролцогчид болон үзэгчдийн баясгасан бол Дундсайхан бүлгийн малчдын үзүүлсэн адууны зан үйл Монгол нүүдэлчдийн нэг өдрийг үзэхээр ирсэн хүмүүсийн нүдийг баясгаж сэтгэлийг хөөргөсөн юм. Энэ үеэр бог малын зан үйл буюу хонь хяргах, ямаа холбож саах, эсгий хийх, тэмээний зан үйл буюу ингэ хөөслөх, ингэ саах, адууны зан үйл буюу морь уургалах, бугуйлдах, унага барих, гүүний үрс хийх, морь булгиулах, бэр гуйх, хүүхдийн сэвэлг үргээх зэрэг үзүүлбэрийг хурсан олонд үзүүлсэн юм. Мөн хурдан дааганы уралдаан, өсвөрийн бөхийн барилдаан, өсвөрийн сурын харваа боллоо.
Энэ удаагийн Монголын нүүдэлчдийн нэг арга хэмжээнд шилдэг оролцогчоор адууны зан үйлийг харуулсан Дундсайхан малчдын бүлэг, дэд байрыг хүүхдийн сэвлэг үргээх зан үйлийг харуулсан Тэсгэнэ, Оюут бүлгийнхэн, гуравдугаар байрыг бог малын үзүүлбэрээр Мандах бүлгийнхэн шалгарсан байна. Араг савраар аргал түүх уралдаанд Мандах бүлгийн малчин Сувд нэг минутын хугацаанд 62 ширхэг аргал түүж тэргүүн байр эзэлжээ.
Д.Мишигсүрэн


Монгол брэнд