ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга АСЕАН-ийн Бүсийн чуулганы Сайд нарын уулзалтад оролцов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2018-08-06 11:16:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Сингапур Улсад 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-ийн Бүсийн чуулганы Сайд нарын 25 дугаар уулзалтад оролцов.
 
Энэхүү уулзалт нь АСЕАН-ны Гадаад хэргийн сайд нарын 51 дүгээр хурал болон дагалдах уулзалт, хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй  арга хэмжээ бөгөөд АСЕАН-ны гишүүн 10 улсын Гадаад хэргийн сайд нараас гадна ОХУ, БНХАУ, АНУ, Бүгд Найрамдах Солонгос Улс, БНАСАУ, Европын Холбоо, Аргентин, Турк, Япон зэрэг нийтдээ 20 гаруй улсын Гадаад хэргийн сайд нар оролцов. Бүсийн чуулганы арга хэмжээ нь Ази, Номхон далайн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, сөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх механизмыг бүрэлдүүлэх замаар терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, эх далайн аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой болно.
 
Бүсийн чуулганы Сайд нарын уулзалтын 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд бүс нутаг дахь аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан тухайн он жилүүдийг талууд онцлон тэмдэглэв. Энэ удаагийн уулзалтаар хоёр сарын өмнө Сингапур хотноо болсон АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн дээд хэмжээний уулзалт, энэхүү уулзалтын ололт, амжилт, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах хөтөлбөрийн асуудал, Солонгосын хойгийн нөхцөл байдал, Мьянмар, Бангладешийн хооронд буй Рохинджагийн дүрвэгсдийн зэрэг асуудлыг хэлэлцэв. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтад оролцох үеэрээ Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй байр суурийг илэрхийлж, үг хэлэв.
 
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Ази, номхон далайн орнуудын асуудал хариуцсан орлогч Нг Тек Хеан-тай хоёр талт уулзалт хийж, Монгол-Сингапур хоёр улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн харилцаа, цаашид авч хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцов. Талууд Монгол-Сингапурын Бодлогын зөвлөлдөх уулзалтыг энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцов. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Япон Улсын Гадаад хэргийн сайд Таро Коно, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Ен Хо, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Холбоотой мэдээ