top banner

БНХАУ болон Японы хөрөнгө оруулалтын өрсөлдөөн Монголд ашигтай юу?


2018-08-06 17:54:32
Зураг
ТОКИО. /thediplomat/. Монголын эдийн засагт хамгийн нөлөө бүхий орнуудад БНХАУ болон Япон зүй ёсоор орох юм. Тус хоёр улс Монголд шат дараалсан, олон удаагийн хөрөнгө оруулалт хийсэн урт хугацааны түүхтэй орнууд билээ. Монгол нь Японыг гуравдагч хөршөө хэмээн үздэг бөгөөд энэхүү бодлогыг Монгол улс анх 1990 онд санаачилсныг нь АНУ-ын тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Жэймс А.Бейкер өлгөн авч, Монголын гуравдагч хөрш бол АНУ гэж хэлсэн байдаг. Үүний дараагаар Монгол улс нь БНХАУ болон ОХУ-наас гадна Япон, АНУ, Европын орнуудтай гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилгоор гуравдагч хөршийн бодлогоо албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. 13-р зуунд Япон улс Талын замаар дамжуулан Монголтой худалдаа хийдэг байсан бол одоо Монголын гуравдахь том импортлогч орон болоод байгаа юм. 1990 онд Монголд ардчилсан хувьсгал ялснаас хойш Япон тогтмол Монгол улсад тусламж үзүүлж, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг нь дэмжиж ирсэн.

Харин БНХАУ нь Монголын хамгийн ойрын түншийн зэрэгцээ уламжлалт хөрөнгө оруулагч нь байсаар ирсэн юм. 2017 оны долдугаар сарын байдлаар БНХАУ Монголд 4.1 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн нь тус улсын гадаадын нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг эзэлж байжээ. БНХАУ “Бүс ба зам” санаачилгаараа дамжуулан Монголд эдийн засгийн нөлөөгөө улам бүр тогтоож байгаатай холбоотойгоор Токио-Бээжингийн харилцаа илүү төвөгтэй болж ирсэн юм. Учир нь БНХАУ-ын эдийн засгийн нөлөө тэлж байгаа нь Японы хувьд бүс нутагтаа эдийн засгийн яаралтай тэнцвэрт байдлыг бий болгож, БНХАУ-тай өрсөлдөх хэрэгтэй гэдэг анхааруулга болоод байгаа юм. БНХАУ болон Япон хоорондын хөгжлийн өрсөлдөөн Монголд ашигтай юу эсвэл хор уршигтай юу? Энэхүү харилцаан дунд Монгол хэрхэн өөрийн ашиг сонирхлоо хадгалж, өргөжүүлэх вэ?

БНХАУ-Монгол-ОХУ-ын Эдийн засгийн коридор

Дөрвөн жилийн өмнө БНХАУ болон Монгол улс харилцаагаа стратегийн иж бүрэн түншлэл болгон шинэчилснээс хойш хоёр улс дэд бүтэц болон байгалийн баялгийг эн тэргүүний зорилтоо болгож, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Мөн тэд улс төрийн харилцаа холбоогоо нэмэгдүүлэх замаар аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр амласан байна. 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпин хил залгаа хотуудад эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, чөлөөт худалдааны бүс байгуулах замаар дэд бүтэц, аж үйлдвэрийн төслүүдээ хэрэгжүүлэх үндэсний зорилгоо нэг алхам урагшлуулахаар “Бүс ба зам” санаачилгын хүрээнд БНХАУ-Монгол-ОХУ-ын Эдийн засгийн коридор байгуулах санааг гаргажээ. Одоогийн байдлаар олонд танил болоод байгаа зарим төслүүдэд Хятад-Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс буюу Эрээн хотоос Замын-Үүд хот орох бүс, Монголыг ОХУ болон БНХАУ-тай холбох төмөр замын “Төмөр замын хойд коридор” төсөл багтаж байна.

Харин Японы хувьд 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр Монголд хөгжлийн төслүүд хэрэгжүүлж эхэлжээ. 2003 онд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн Төв Азийн бүс нутгийн орнуудын Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт Монгол улс нэгдсэн бөгөөд уг хөтөлбөрт нэгдэхэд нь Япон ихээхэн дэмжлэг үзүүлж, хамгийн их буюу 15.6 хувийн санал оруулсан байна. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монгол улсад Азийн хөгжлийн банкны 301 төсөл хэрэгжээд байгаа юм. БНХАУ-Монгол-ОХУ-ын Эдийн засгийн коридор байгуулах саналыг БНХАУ дэвшүүлснээс яг нэг жилийн дараа буюу 2015 онд Ерөнхий сайд Шинзо Абэ Японы хамгийн анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Монгол улстай байгуулсан. Энэ хэлэлцээрийн хүрээнд тэрбээр татварыг багасгаж, Улаанбаатар хотод шинэ нисэх онгоцны буудал барихад нь зориулж жилийн 0.1 хувьтай 330 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоо амласан байна. Харин Хятад БНХАУ-Монгол-ОХУ-ын Эдийн засгийн коридор санаачилгаараа Японы байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй агуулгын хувьд өрсөлдөж байгаагийн зэрэгцээ Төв Азийн бүх орнуудад бус зөвхөн Монгол улсын хөгжилд онцгой анхаарал хандуулж байгаа нь хачирхалтай.

БНХАУ-Японы өрсөлдөөн шинэ үүд хаалгыг нээж байна

БНХАУ болон Япон хоёр тус бүрийн хамрах хүрээгээр өөр өөр төслүүдийг санхүүжүүлж байгаа хэдий ч тэдгээр төслүүдийн үр дүн нь хоёуланд нь үр өгөөжөө өгч байгаа юм. Жишээ нь Улаанбаатар хотод шинэ нисэх онгоцны буудал барихад зориулсан 500 сая долларын хөнгөлөлттэй зээлийг Япон өгсөн бол уг нисэх онгоцны буудал хүрэх хурдны замыг тавих 140 сая долларын хөнгөлөлттэй зээлийг Хятадын “Export–Import Bank” өгсөн юм. Нисэх онгоцны буудал баригдлаа гэхэд тийшээ хүрэх замгүй бол нисэх онгоцны буудал ямар ч хэрэггүй болно, тиймээс энэ хоёр төсөл нь салшгүй холбоотой. Уг хоёр төсөл хамт хэрэгжсэнээр Монгол улсын дэд бүтцийн хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулах юм.

Хоёр улсын өрсөлдөөн Монгол улсад тал бүрийн боломжуудыг гаргаж өгч байна. 2016 онд Монгол улс буддын сургаал айлдуулахаар Далай ламыг эх орондоо урьсан билээ. Тухайн үед Монгол улс өрийн хямралд орсон байсан учир БНХАУ-аас бага хүүтэй их хэмжээний зээл авахаар төлөвлөж байсан билээ. Гэвч Далай ламыг эх орондоо урьсан явдал нь БНХАУ-ыг хилэгнүүлж орхисон. Улмаар Түвдийн эртний буддын шашинтай салшгүй холбоотой Монгол улс уг зээлээ бүтээхийн тулд БНХАУ-аас уучлалт гуйж, Далай ламыг дахин урихгүй гэж амлалт өгсөн билээ. Энэхүү үйл явдал нь БНХАУ Монголд үзүүлэх санхүүгийн тусламжаа улс төрийн асуудлаас болж хүчингүй болгох хүсэл эрмэлзэлтэй байсныг харуулж байна.

Харин Япон энэхүү дарамт шахалтыг багасгах түншлэлийн өөр хэлбэрээр хангаж чадах юм. Далай ламтай холбоотойгоор Монгол болон БНХАУ-ын харилцаанд саад тотгор гарсан энэ үед Япон олон улсын тусламжийг бий болгохын тулд санхүүгийн талбар дахь өөрийн нөөц бололцоогоо төрөлжүүлэн ашиглаж Монголд 5.65 тэрбум долларын тусламж үзүүлсэн байна. Энэхүү тусламжийг Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон, БНХАУ, Өмнөд Солонгос санхүүжүүлж, Монголын санхүүгийн тулгамдсан асуудлыг нимгэлсэн юм. Улс төрийн хувьд хүндхэн байсан энэ үед зээлийн эх үүсвэрээ төрөлжүүлсэн нь Монгол улсад ихээхэн тус болсон юм.

БНХАУ болон Японы нэмэлт хөрөнгө оруулалтууд

БНХАУ болон Японы хөрөнгө оруулалтын стратегийн ялгааг тэмдэглэн хэлэх нь сонирхолтой байх болов уу. БНХАУ-ын хөрөнгө оруулалт нь шууд мөнгө зээлэх эсвэл БНХАУ тэргүүтэй Азийн дэд бүтцийн хөгжлийн банк зэрэг тус улсын нөлөө ихтэй байгууллагаар дамжин явж байгаа бол Японы хөрөнгө оруулалт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг илүү туршлагатай, зэрэглэл өндөртэй олон улсын байгууллагаар дамжиж байна.

Үүнд өөр өөрийн гэсэн сул болон давуу талууд бий. БНХАУ нь санхүү болон дэд бүтцийн төслүүдээр туршлага хуримтлуулсан орон. Үүний зэрэгцээ тус улсын “Бүс ба зам” санаачилга нь зам болон далай тэнгисийн боомтоороо дамжуулан Европ, Азийн бусад орнуудтай илүү нягт холбоо тогтоох боломжийг Монголд олгох юм. Гэсэн хэдий ч БНХАУ-ын хөрөнгө оруулалт нь олон улсын хяналт байхгүйн зэрэгцээ улс төрийн нөлөөнд автах магадлалтай. Үүнийг Далай ламын хэргээс харж болно. Үүний зэрэгцээ 2013 онд дэд бүтцийн салбарт оруулсан БНХАУ-ын хөрөнгө оруулалт нь Монгол улсын хөрөнгийн зарлагыг асар ихээр өсөхөд хүргэж, улмаар 2015-2016 онд Монгол улсын өрийн хэмжээ ДНБ-ий хэмжээтэй бараг тэнцэж ирсэн юм.

Тэгвэл Японы санхүүжилт илүү ил тод эх үүсвэрээс ирж байгаа учир зээл авч байгаа улс орондоо учрах эрсдэлийг бууруулах юм. Үүний зэрэгцээ тогтвортой хөгжлийг дэмжих дэлхийн хэмжээний мэдлэг олгох, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг бололцоогоор хангаж байгаа юм. Өнгөрсөн онд өрийн хэмжээ нь ДНБ-ий хэмжээтэй нь тэнцэж, зээлжих зэрэглэл нь буурсан Монголын хувьд эдийн засаг нь уналтад орвол асар их дарамтад орох юм.

Тиймээс Монгол улс урт хугацааны үр өгөөж хүртэх төслүүдийг өөрийн сонголтоор хэрэгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд БНХАУ болон Японоор дамжуулан Өмнө Солонгос, Канад зэрэг гуравдагч хөрштэй болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах тохиромжтой цаг нь одоо юм. Энэхүү гурван талын харилцааны хүрээнд улс орон бүр өөрийн гэсэн санал болгох зүйлтэй. Иймд Монгол улс хоёр хүчирхэг хөршийнхөө нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэхийн тулд үндэсний ашиг сонирхолдоо тулгуурласан хөгжлийн стратегийг боловсруулах хэрэгтэй гэж Тафтса их сургуулийн дэргэдэх Хууль зүй, дипломатын Флетчер сургуулийн магестрийн оюутан Ии Чэнь бичжээ. Тэрбээр олон улсын хууль, Зүүн Азийн гадаад харилцаа, эдийн засгийн чиглэлээр судалдаг байна.
 
Д.Нямтулга

 

Монгол брэнд