top banner

Туул голд 100 минж нутагшуулахад үр өгөөж нь харагдана


2018-08-06 23:23:33
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улс нэг хүнд ноогдох усны хэрэглээ, хүрэлцээтэй байдал, ундны усны эрүүл ахуйн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын жагсаалтад дундаж байрыг эзэлдэг ч нийслэл Улаанбаатар хотын хувьд ундны усны хомсдол холгүйхэн ирснийг мэргэжилтнүүд сануулдаг. Учир нь нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр Туул голын сав орчмын ус бүрдэх талбайн ойг олон жилийн өмнө их хэмжээгээр хяналтгүй огтолж, голын хөндийд хүн, малын нөлөө ихэссэнээс эргийн дагуух бургасан шугуй хомсдон, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, урсгалын горим өөрчлөгдсөөр байна.

Тиймээс экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөл байдлыг байгалийн аясаар нь сэргээх цогцолбор арга хэмжээ болох Баянзүрх дүүргийн Гацуурт тосгон дахь Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж ОНӨААТҮГ-ыг бид зорин очиж, дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Минж нь мэрэгчдийн багийн амьтдын дотроос хамгийн том биетэйд тооцогддог бөгөөд Монгол Улсын Улаан номонд хязгаарлагдмал тархацтай нэн ховор амьтан хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Улсын хэмжээнд нэг л газар буюу Ховд аймгийн Булган сумын Булган голд 300 орчим байгалийн монгол минж байдаг аж.



“Байгалийн инженер” хэмээн нэрлэгддэг минж нь амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг дээд зэргээр хангадаг аж. Тодруулбал голын эрэгт суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулдаг бөгөөд тухайн орчны чийгшил болон усны түвшинг нэмэгдүүлдэг. Түүнчлэн гол, түүний эрэг орчмын хуурай газрыг холбосон завсрын шинжтэй амьдрах орчныг шинээр бий болгож, биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол үзүүлдэг аж. Минж өөрийн амьдрах орчинг тордон сайжруулах замаар бусад амьд биесийн амьдрах орчинг бүтээн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд минж нутагшуулах нь урт хугацаа, тасралтгүй ажиллагаа шаардах боловч бага зардлаар аажимдаа сайн үр дүнд хүрэх боломж гэж судлаачид үздэг байна.
 
“Туул гол зарим газраараа тасарсан байдаг нь тэр хэсэг газарт гүний усны хомсдол үүссэний шинж. Газар гүний усгүй болохоор хөрсний ус доош шингэж буй хэрэг л дээ. Минж гэдэг амьтан гүний усны нөөц бий болгодог. Бид энэ жил 10 минж, төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 40 гаруй минж Хан Хэнтийн дархан цаазат газар нутагшуулаад байна. Энэ туршлагаас харахад Монгол оронд минж нутагших бүрэн боломжтой нь ажиглагдсан. 80-100 минж байгальд нутагшуулахад үр өгөөжөө өгнө гэж үздэг” хэмээн Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгжийн захирал М.Энхбат ярив.



Төслийн хүрээнд 2012 онд  ХБНГУ-ын Бавари мужаас 14, ОХУ-ын Киров мужаас 15 бүл минж авчран Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж ОНӨААТҮГ-т байршуулжээ. Тэр жилдээ Тэрэлжийн голын зүүн хэсэгт цутгадаг Зааны голд  8 хос буюу 16 толгой минж нутагшуулсан бөгөөд түүнээс хойш Хан Хэнтийн дархан цаазат газрын захиргаа, байгаль хамгаалагчидтай хамтран ажиглалт судалгааг тогтмол хийж байгаа аж. Минж өдөр нь унтаж, шөнө идэвхтэй амьдардаг учир байгаль дээр тавьсан минжийг мэрдэсний ул мөрөөр мөшгөн судалдаг бол мэрдэсний насыг тогтоож шилжилт хөдөлгөөнийг нь тооцоолдог юм байна.
 
Минж нь бүлийн зохион байгуулалттай амьдардаг бөгөөд бүлд эцэг эх, нэг болон хоёр настай дүдрүүд багтана. Хоёр ба түүнээс дээш настай минж бие даан шинэ бүл үүсгэн амьдардаг. Нас гүйцсэн минжний биеийн жин 16-22 кг, биеийн урт 74-86 см, сүүлний урт 25-30 см байдаг аж. Минж хуурай газар явахдаа маш болхи хөдөлгөөнтэй боловч усан доор болон усны гадаргуу дээр хөвж, сэлэх чадвартай учраас заавал усны ойролцоо амьдардаг бөгөөд голын эргээс хамгийн холдоо 5-6 м холддог. Урд хоёр мөч нь хойд хоёр мөчнөөсөө богино байж гарны үүрэг гүйцэтгэдэг бол, хойд хоёр мөч нь усанд сэлэх сэлүүр болдог байна.
 
Минж үржүүлгийн газар минжийг бүл бүлээр нь тусгай тасалгаа бүхий үүрэнд байршуулж, ихэнхдээ угааж цэвэрлэсэн лууван, алим, будаа зэргээр хооллодог юм билээ. Учир нь минж гэдэг амьтан чихэрлэг, амттай зүйлд тун дуртай аж. Тиймдээ ч зөөлөн сэтгэлтэй амьтан гэж Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгжийн захирал М.Энхбат онцолсон юм. Тэрбээр “Бид минжээ хооллох цөөн тооны лууванг туршилтаар тарьж ургуулж байна. Нэг минж өдөрт 2 кг лууван иддэг. Сүүлийн үед лууван үнэд орж, минжүүдээ худалдааны луувангаар тэжээхэд хэцүү болж байна. Луувангаас гадна хашаандаа улиас зэрэг мод тарьж идэш болгон ашиглах бодол бий” хэмээсэн юм. Байгаль дээрх минж бургас, улиас улиангар зэрэг модлог ургамлууд, саахуу цэцэг, цагаан бөлбөө, жагмаа, зэгэс зэрэг усны ургамлуудаар хооллодог аж.



Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж ОНӨААТҮГ минж үржүүлгийн сургалт зохион байгуулах эрдэм шинжилгээ, экологийн, танин мэдэхүйн танхим, минжний байр, захиргаа, ажилчдын байр бүхий 7 га газарт үйл ажиллагаа явуулдаг. Биднийг очиход Хөдөлмөр зуслангийн 10 гаруй хүүхэд нэг сарын хугацаатай тус төв дээр байрлан тэдний үйл ажиллагаанд нь тусалж байсан юм. Хүүхдүүд минж гэдэг амьтны талаар олж авсан мэдлэг, мөн чөлөөт цагаараа Туул гол орчимыг хог хаягдлыг цэвэрлэж буй талаараа бидэнд сонирхуулсан юм.
 
“Би минж гэдэг амьтныг энд ирээд л харсан. Миний ажигласнаар их ажилсаг, өхөөрдөм амьтан байна лээ. Энд ирээд цэвэр ус бидэнд ямар их хэрэгтэйг ойлгож, усаа гамнах сэтгэл төрсөн. Бид чөлөөт цагаараа Туул гол орчмын хог хаягдлыг түүж, цэвэрлэж байгаа. Нийт 20 гаруй шуудай хог түүсэн. Байгаль орчинд хог битгий хаяарай гэж хүмүүст уриалмаар байна” хэмээн Хөдөлмөр зуслангийн амрагч М.Гэрэлт сэтгэгдлээ хуваалцлаа.
 
“Миний ажил өглөөний 6 цагт эхэлдэг. Төвийнхөө цахилгаанчнаас эхлээд минж маллагч гээд бүх шаардлагатай ажлыг хийдэг. Энд ажиллаад 4 жил болж байна. Минж маллах тийм ч хэцүү биш. Өглөө хамгийн түрүүнд минж рүүгээ орж, минжээ хооллоно, байрыг нь цэвэрлэнэ, усыг нь солино. Түүний дараа өөр бусад ажлаа амжуулдаг” хэмээн Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгжийн ажилтан онцлов.




Минж нутагшуулах, үржүүлэх төслийн захирал М.Энхбат цаашдаа ногоон байгууламжаа нэмэгдүүлэн, минжнийхээ тоо толгойг өсгөж, Минж нутагшуулах, үржүүлэх ОНӨААТҮГ-ыг аялал жуулчлалын бүс болгон өргөжүүлэх нууцхан хүсэлтэйгээ хэлж байв. 
Л.Нандинцэцэг
Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд