Эхний ээлжинд Токио, Бээжин, Владивостокт худалдааны төлөөлөгчийн газар нээнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-08-08 12:46:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар 2018-2024 онд  гадаад орнуудад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээх төлөвлөгөөг баталсан байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийв.

Тэрбээр, “Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа Худалдааны төлөөлөгчийн газруудыг татан буулгасан. Одоо дахин сэргээж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг өсч байна. Мөн гадаад валютын нөөц, ажлын байр, иргэдийн цалин орлогыг нэмэхийн тулд экспортын хэмжээг өсгөх нь туйлын чухал. Өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гаднаас хөрөнгө оруулалт татаж, технологи нутагшуулж ирсэн. Тиймээс одоо гадаадад Худалдааны төлөөлөгчийн газруудаа нээж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадны зах зээлд нэвтрэх боломжийг нээж өгнө. Энэ бол жижиг, дунд үйлдвэрлэлүүд хөгжих чухал арга хэмжээ. 2018 онд гурван төлөөлөгчийн газар нээхээр төлөвлөж байгаа. Нэн тэргүүнд хоёр хөрш орны зах зээлийг сонирхох болно” гэв.

Төлөвлөгөөний дагуу 2018-2019 онд Токио, Бээжин, Владивосток хотод, 2019-2021 онд Москва, Тяньжин хотод, 2021-2023 онд Сөүл, Брюссель хотод Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ