Үерийн хохирлыг арилгаж, сэргээн засварлахад 700 гаруй сая төгрөг зарцуулна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-08-08 14:01:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үерийн улмаас үүссэн хохирлыг арилгаж, сэргээн засварлахад 700 гаруй сая төгрөг зарцуулахаар тогтов.

Өнгөрсөн сард орсон аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Өндөр-Улаан, Хотонт, Хашаат сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур хугарсан. Мөн Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, төв аймгийн нутаг дахь автозам, замын байгууламж эвдэрсэн юм. Хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах 742 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. 

Мөн энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын томилолт, урамшуулал, бусад зардалд шаардагдах 448 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Түүнчлэн оны эхний хагаст Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Орхон, Өмнөговь аймагт гарсан мал, амьтны гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмийн үеэр ажилласан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын томилолтын мөнгө болох 470 сая төгрөгийг нөөц сангаас санхүүжүүлэхээр тогтлоо. 

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ