top banner

Баян-Өлгийн зарим суманд тарваган тахлын идэвх нэмэгджээ


2018-08-08 15:30:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Уулын-Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станцын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумын хил орчмын нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ.

Тандалт судалгаанд Сийлхэмийн голомтын 32 секторын 2678.4 кв.км газар нутаг, 104 айл өрх хамарчээ.
Тандалт судалгааны явцад 565 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулснаас тарваган тахал өвчний эерэг сорьц 156 илэрсэн байна. Нийт эерэг сорьцонд нян судлалын шинжилгээ хийж тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр 44 илэрч дээрх сумдын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын эпизотын идэвхийн эрчим нэмэгдсэн, тархвар судлалын өндөр эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоожээ.

Түүнчлэн холбогдох мэргэжлийн албаныхан 17 аймгийн 130 гаруй сум тарваган тахлын байгалийн голомттой гэдгийг аялж зугаалж яваа иргэдэд анхааруулж байна.
 
Ж.Болор

Монгол брэнд