Шанхайн Олон улсын балетын тэмцээнд МУГЖ О.Анужин оролцож байна

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2018-08-08 16:34:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шанхайн Олон улсын балетын тэмцээн зургаа дахь жилдээ энэ сарын 03-11-ний өдрүүдэд үргэлжилж байна.

“Dance To The Rhytm Of Shanghai” буюу "Шанхайн ритмээр бүжиглэе" уриатай тус тэмцээнд 16 орны 125 бүжигчин бүртгүүлснээс 73 бүжигчин шалгаран оролцож байгаа юм. Манай улсаас Монголын Олон улсын балетын анхдугаар тэмцээний Гран при шагналт, МУГЖ О.Анужин, УДБЭТ-ын бүжигчин Ц.Хишигжаргал нар эх орноо төлөөлөн оролцож байна.
О.Анужин өмнө нь Д.Дашлхагва багшаар удирдуулан БНСУ-д болсон олон улсын балетын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм. Тэрбээр улсын баяр наадмаар МУГЖ цол хүртсэн билээ. Мөн Д.Дашлхагва багшийн анхны төгсөлтийн шавь нь МУГЖ Д.Алтанхуяг юм.



Тэмцээнд алдартай хоёр балетчин хүндэт зочноор уригдан оролцож байгаагийн нэг нь МУГЖ Д.Алтанхуяг бол нөгөө нь Гүрж улсын алдарт балетчин, Балетын театрын дарга Нина Ананиашвили юм.

Нийт 50.000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнийг 9 шүүгч шүүн явуулж байгаа юм. Тодруулбал, ерөнхий шүүгчээр Данийн Рояал балет театрын уран сайхны удирдаач Франк.А.Андерсен ажиллаж байна. Харин бүрэлдэхүүнд нь БНХАУ-ын Үндэсний балетын уран сайхны удирдаач Фенг Инг, БНХАУ-ын Лиаонинг балетын уран сайхны удирдаач Чу Зи Жиао, ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Андрис Лиепа, Английн Хатан хааны Рояал балет театрын балет мастер Гари Авис, АНУ-ын Сан Франциско балет театрын гоцлооч Тан Юанюан, ОХУ-ын Мариинский театрын прима балерина Улиана Лопаткина, Өмнөд Африкийн олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хорооны захирал, Мзанси балет компанийн захирал Дирк Баденхорст, БНСУ-ын олон улсын тэмцээн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Парк Жэй Күн нар багтжээ.

Холбоотой мэдээ