Саудын Арави шинэчлэлийн шуургыг тэсвэрлэн сөрж чадах уу?

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-08-08 17:26:34
Дмитрий Фроловский

Саудын Арави улсыг Ойрхи Дорнодын хамгийн тогтвортой, хамгийн баян чинээлэг орнуудын нэг гэж үздэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ тус хаант улсад хуримтлагдсан нийгэм-эдийн засгийн асуудлуудын цар хүрээ нь газрын тосны хамаарлын асуудлаас хол давж гараад байна. Нийтийг хамарсан ядуурал, залуучуудын дундах ажилгүйдэл, шашны суннит ба шиит урсгалуудын зөрчилдөөн зэрэг нь Саудын дэглэм тогтвортой, удаан настай эсэхэд эргэлзэхэд хүргэж байгаа юм. Угсаа залгамжилсан залуу ханхүү Мухаммед бин Салман /цаашид товчоор МБС гэх/ эрс шинэчлэл хийнэ гэж амлаж байгаа боловч болхи хөшүүн хаант гүрнийг шинэчлэх оролдлого нь багагүй эрсдэлтэй тулгарахаар байна. Зарим хүмүүст хэтэрхий удаан мэт санагдах, заримд нь хэт хурдан мэт санагдах шинэчлэл өөрчлөлт нь нийгэмд аль эртнээс хуримтлагдсан дургүйцлийг ил гаргаж магадгүй болжээ.   
 
Саудын залуу үе

Шинэчлэлийн талынхныг бүрдүүлж буй гол хүмүүс бол Саудын залуу үеийнхэн юм. Учир нь тэдний ихэнхийн хувьд нөхцөл байдал атаархал төрүүлмээр сайн сайхан биш байна. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хаант улсад төрөлтийн бүүм /boom/ болж, 1960-аад онд 5-хан сая байсан хүн амын тоо өдгөө 30 орчим саяд хүрчээ. Хүн амын 60 гаруй хувийг 30-аас доош насны залуус эзэлж байна. Тэдний дунд ажилгүйдлийн түвшин 32,6 хувь байгаа ба ийм таагүй аюултай үзүүлэлт 2030 он гэхэд нэлээд өсөх төлөв ажиглагдаж байна. 




Саудын хаант улсад социологийн судалгааг үнэн зөвөөр хийдэггүй боловч залуусын сэтгэл санаа ямархуу байна вэ гэдэг талаар нийгмийн сүлжээнүүд их зүйлийг хэлж өгнө.  2013 онд орон даяар эхэлсэн  #الراتب_مايكفي_الحاجة /миний цалин надад хүрэлцэхгүй байна/ гэдэг твиттер дэх кампанит ажиллагааны явцад богинохон хугацааны дотор олон сая пост хийгдэж, улс  даяар ихээхэн  талархал хүлээсэн байна. Гэвч дээрх нөхцөл байдлыг засч залруулах гэсэн байдал төлөв одоохондоо ажиглагдахгүй байгаа юм. Учир нь, Саудын залуучууд цалин мөнгөндөө сэтгэл дундуур байдаг боловч илүү практик мэргэжлүүдийг сонголгүйгээр дээд сургуульд шашин, соёлыг судалсаар байгаа юм. Ингэснээр тэд орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн бодит байдлаас алслагдан холдсоор байна. 
 
Урьд өмнө нь улсаас татаас өгч, үнэгүй боловсрол олгож, эрүүл мэндийн салбар нь төлбөргүй үйлчилж байсан нь тогтвортой байдлыг хангах үндсэн арга хэрэгсэл байсан бол одоо газрын тосноос олох орлого нь буурсантай холбоотойгоор нийгмийн чиглэлийн арга хэмжээнд зарцуулах зардлыг танахаас аргагүйд хүрчээ. Саудын Аравийн удирдлага ийм нөхцөл байдал ямар аюултай болохыг ойлгож мэдэрч байгаа бөгөөд ийм учраас л МБС шинэчлэл хийхээр шаламгайлан хөдөлсөн юм. 
 
Саудын залуустай ярилцаж байхад Скорпион хамтлагийн дуулдаг “Wind of Change” гэдэг дууны ая өөрийн эрхгүй толгойд орж ирж, өөрчлөлтөд тэмүүлсэн хүсэл эрмэлзэл Саудын Аравид ямар их хүчтэй байгаа нь мэдрэгдэнэ. Олон залуус барууны орнуудад боловсрол эзэмшиж, араб хэл гэхээсээ англиар илүү сайн ярьдаг бөгөөд барууны үнэт зүйлсийг таашаадаг гэдгээ ил тод илэрхийлдэг. Тэд шинэчлэлт өөрчлөлтийг хүсч, гадаад ертөнцөд илүү нээлттэй  байхыг эрмэлзэж, нийгмийн ёс суртахуунтай холбоотой шашны хатуу дүрэм журмыг өөрчлөхөд бэлэн байна. Тэд хаа сайгүй дэлгэрсэн авлигаас залхжээ. Өнгөрсөн жил улстөрчид, бизнесменүүдийг шоронгийн өрөөнд бус 5 одтой зочид буудалд баривчлан хорьсон явдлыг ямар нэгэн зүйл өөрчлөгдөх гэж буйн шинж тэмдэг хэмээн Саудын залуус урам зоригтойгоор дэмжин хүлээж авсан юм. МБС-ы үйл ажиллагааг дэмжих нь залуусын соёлын нэгэн дэд хэлбэр болон хувирчээ.

Гэхдээ их найдлага хүлээлт нь томоохон эрсдэлүүдийг дагуулах нь. Шинэчлэлийг эхлүүлсэн МБС нэгэнт буцах замгүй болжээ. Түүний санаачилсан “Алсын хараа-2030” хөтөлбөр амжилттай хэрэгжиж эсэхээс үе залгамжилсан эрх баригчдад хандах ард иргэдийн хандлага хамаарах юм. МБС-ы өргөн хүрээтэй төлөвлөгөөнүүд болон олон удаагийн амлалтууд нь түүний хэтэрхий их амбицаас үүдэ н хүмүүсийн дунд үл итгэх хандлагыг бий болгож байна.     

Дээр нь, Саудын улс төрийн тогтолцоо нь маш хуучинсаг учраас нөхцөл байдал улам ээдрээтэй болж байгаа юм. Ил тод байдлын шинэ эрин үе эхэлсэн гэж улстөрчид мэдэгдсээр байгаа боловч улс орны дотоодод өөрчлөгдсөн зүйл тун бага байна. Бедуинчуудын ёс заншилтай холилдсон ваххабит номлол сургаал хаашаа ч алга болохгүй нь.  
 
Ядуурал ба цагаачид

Нийгмийн ээдрээтэй байдлын бас нэгэн уг сурвалж бол ядуурал юм. Саудын Аравид ядуусын тоо бодож байснаас хамаагүй олон гэдгийг энэ улсад ирсэн хүн бүр нүдээр харсан байх. Эр-Рияд хотын төвөөс өмнө зүгт холгүйхэн газар явахад л тансаг худалдааны төвүүд ба ядуухан оромжнуудын асар их ялгаа заагийг анзаарах болно.  

Сард 480 доллароос доош орлоготой уугуул саудчуудын тоо 2-3 сая байдаг гэнэ. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, цус ойртсон гэр бүлүүдэд төрсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөөгийн оршин суугчид юм. Гэхдээ тухайн улсын хэмжүүрээр ядууд тооцогдох амьдралын түвшин нь бусад олон хүний хувьд хүрч боломгүй мөрөөдөл хэвээр байна.   

Албан ёсны статистик мэдээллээр, тус улсын хүн амын 1/3, ажиллах хүчний тал хувийг цагаачид бүрдүүлдэг аж. Тэдний ихэнх нь амьжиргааны доод түвшнээс хэд дахин доогуур хэмжээний цалин хөлс авдаг ба зарим нь гудамжинд  амьдрах тохиолдлууд ч бий.



Орон гэргүй хүмүүсийн тоо улам нэмэгдэж байгаа өөр нэгэн шалтгаан бол ажлын байран дахь хүчирхийлэл, зодуураас дайжин гадаадын ажилчид олноороо оргож буй явдал юм. 2015 оны мэдээллээр, өдөрт дунджаар 880 орчим хүн ажил олгогчдоосоо оргон зугтдаг байна. Зөвхөн 2017 онд гэхэд, цагаачлалын хууль дүрмийг зөрчсөн 670 мянга гаруй тохиолдлыг илрүүлжээ. Мэдээж хэрэг, оргосон хүмүүс гудамжинд гарч, гуйлгачдын эгнээг тэлж байгаа.  

Гэхдээ орон гэргүй цагаачдыг хувьсгалчдын эгнээнд автоматаар шууд оруулж болно гэсэн үг биш ээ. Хаант улс дахь амьдралын түвшин нь гадны ажилчдын ирсэн тэр улс орнуудынхаас хамаагүй өндөр байдаг. Саудын Аравид нууцаар амьдрах нь олон хүний хувьд эх орондоо буцахаас нь илүү дээр байдаг аж. Үүнээс үүдэн, цагаачдын ихэнх нь уугуул саудчуудыг бодвол эрх баригчдад илүү үнэнч бөгөөд тэд улс төрийн шинжтэй эсэргүүцэл гаргахаар зориглох нь юу л бол.   

Шашны урсгалуудын зөрчил

Саудын Аравийн нийгмийн амьдралд суннит болон шиит шашинтнуудын хоорондын зөрчил онцгой байр суурь эзэлдэг. Олон удаагийн судалгааны дүнг харвал, шиитүүд нь суннитуудтай харьцуулахад бага цалин авдаг ба ажилгүйчүүдийн эгнээнд орох нь илүү түгээмэл байдаг. Мөн албан тушаал дэвших боломж нь хязгаарлагдмал аж. Шиитүүд нийт хүн амын 10-15 хувийг эзэлдэг ба газрын тосны гол нөөцүүд байдаг Эш-Шаркия мужид амьдардаг байна.   

Тус мужийн эль-Авами хотын уугуул, шиит шашны номлогч Нимр Бакр аль-Нимр-ийг баривчлан цаазалсан нь олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа дэгдэхэд хүргэж, Саудын эрх баригчдад чамгүй айдас төрүүлсэн юм. Цаазаар авахуулсан номлогч нь Саудын цэргүүд Бахрейн руу довтлон орох үеэр Эр-Рияд-ын явуулж буй бодлогыг шүүмжилж, шиитүүдийг салан тусгаарлахыг уриалж байжээ.

МБС-ы хувьд, тэрбээр большевик маягийн шийдэмгий байдлаар шашны хуучинсаг үзэлтнүүдтэй тэмцэж эхэлсэн төдийгүй ваххабит ёс жаягийг өөрчлөн шинэчлэх гэж оролдож байна. Энэ нь цагийн аясаар шиитүүдийн нөхцөл байдлыг сайжруулна гэсэн найдлагыг төрүүлж байгаа юм. Тухайлбал, Саудын эрх баригчид шиитүүдийн эрхзүйн дэг сургууль болох Жафаритын мазхаб-ыг хүлээн зөвшөөрч, шиитүүдийг шашны дээд байгууллага болох Улемүүдийн зөвлөлд оруулах боломжтой. Уг байгууллагын бүрэлдэхүүнд суннитын 4 эрх зүйн дэг сургууль багтдаг бол шиитүүд огт байдаггүй.    

Гэхдээ одоохондоо шиитүүдэд ийм зөөлөн хандлага гаргана гэж хүлээх хэрэггүй бололтой. Катарыг бүслэн хааж, Ирантай сөргөлдөж, Йеменд эцэс төгсгөлгүй дайн болж байгаа нөхцөлд Саудын Аравийн улстөрчид дотоодоос дайснуудыг хайж, шиитийн асуудлыг залхаан цээрлүүлэлт, түрэмгий ухуулга сурталчилгааны тусламжтайгаар шийдэхийг илүүд үзэж байна.

“Персүүдийн дайсагнал”-ын тухай номлол айлдахыг саудчууд баасан гараг бүр сонсч байна. Уугуул шиитүүдийн эсрэг сурталчилгаа нь заавал Ирантай холбогдсон байдаг бөгөөд энэ нь Саудын улс төрийн бодлогын салшгүй нэг хэсэг болжээ. 1979 онд Иранд болсон исламын хувьсгалын дараа түүний нөлөө бусад улсад тархах вий хэмээн Эр-Рияд-ын эрх баригчид яггүй болгоомжилж, исламын шашны шиит урсгалыг гутаах кампанит ажлыг идэвхийлэн өрнүүлж эхэлсэн байна.   

Ийм учраас Саудын Аравид шиитүүдийн эсэргүүцэл тэмцэл өрнөж болзошгүй гэдэг талаар ярих хэрэггүй юм. Бахрейнд өрнөсөн шиитүүдийн жагсаалыг Саудын Аравийн арми хэрцгийгээр нухчин дарсан, улсын дотоодод шиит урсгалын идэвхтнүүдийг харгислаж байгаа нь  эрх баригчид асуудлыг маш нухацтайгаар авч үзэн, эсэргүүцэн тэмцэх үзэл санаа тархах явдлыг ямар ч үнээр хамаагүй гаргуулахгүй байхыг хүсч буйг харуулж байна. Эрх баригчдыг шүүмжилсэн шиитийн номлогчдыг Ираны тагнуулчид, Катарын ивээн тэтгэж буй “5 дугаар цувааныхан” гэж харуулахын тулд ухуулга сурталчилгааг цаашид ч хийх болно.  

Тэсэн тогтох хэтийн төлөв  

Саудын Аравийн түүхийг сөхвөл, Эр-Рияд-ын улс төрийн дэглэм нь маш тогтвортой шинжийг агуулдаг ба хүнд хямралыг даван туулах чадвартай гэдэг нь харагдаж байна. Дэндүү хуучинсаг, шинэчлэл огт хийгддэггүй хэмээн Саудын хаант улсыг олон арван жилийн турш шүүмжилж байгаа боловч тус улс эдгээр шүүмжлэлийг амжилттай тэсэн гарчээ. Хэдийгээр хар бараан зөгнөл, мэргэ төлөг бууж байгаа боловч дэлхийн өнцөг бүрээс гадаадын хөрөнгө оруулагчид Саудын Аравид удаан хугацаагаар хөрөнгөө оруулсаар байна.

Мэдээж хэрэг, энэ хаант улс нь олныг хамарсан эсэргүүцэл, нийгэм-эдийн засгийн хямралуудыг тойрч гарахгүй нь лавтай. Гэхдээ энэ бүхэн нь улс орны дотоодод томоохон өөрчлөлт гарахад хүргэх нь юу л бол. Саудын Аравийн тогтвортой байдлын хамгийн гол хүчин зүйл бол АНУ-тай тогтоосон холбоотны харилцаа юм. МБС-ы шинэчлэл бүтэлгүйтэж, нийгмийн доторх дургүйцэл нь ард иргэд ба эрх баригчдын хооронд мөргөлдөөн болон өргөжсөн ч гэсэн Эр-Риядын эрх баригчид гаднаас дэмжлэггүй үлдэхгүй. Энэ нь одоогийн дэглэм их, бага ямар нэгэн байдлаар консерватив хандлагаа хэвээр хадгалж, цаашид оршин тогтноно гэсэн үг юм.
 
Орчуулсан Б.Адъяахүү   
 
Эх сурвалж: https://carnegie.ru/

 

Холбоотой мэдээ