Герман: Иранд хориг арга хэмжээ авах нь буруу шийдвэр

Дэлхийн мэдээ | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-09 11:22:29
twitter.com/Nyamkanmk
БЕРЛИН. /Globaltimes/. Иранд дахин хориг арга хэмжээ авах АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэр нь Ойрхи Дорнодын улс төрийн байдлыг тогтворгүй болгож, тус бүс нутаг дахь эрс үзлийг дэврээх болно гэж Германы Гадаад хэргийн сайд  Хайко Маас анхааруулсан байна.

Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах зорилгоор 2015 онд тус болон Өрнөдийн орнууд хооронд байгуулсан түүхэн гэрээнээс АНУ нэг талыг баримтлан нэрээ татсаны дараа Д.Трамп Иранд хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан билээ.

"Ирантай байгуулсан цөмийн тухай гэрээнээс гарах нь алдаа гэж бодож байна. Энэхүү гэрээ нь Ойрхи Дорнодын бүс нутагт аюулгүй болон ил тод байдлыг тогтоох бидний зорилгыг биелүүлж байгаа учир бид энэ гэрээг байгуулахын төлөө тэмцэж ирсэн" гэж тэрбээр “Passauer Neue Presse” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Мөн тэрбээр, Иран нь газар зүйн байршлын хувьд Европтой ойр байдгийг онцлон тэмдэглээд, "дэглэмийн өөрчлөлтийг хүсч байгаа хэн боловч дараагийн үр дагавар нь бидэнд илүү том асуудал үүсгэх болно гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Ираныг тусгаарлавал лалын шашны эрс болон суурь үзлийг улам бүр дэврээж, эмх замбараагүй байгаа бүс нутгийн байдлыг улам бүр дордуулна" гэж мэдэгдэв.

Ирантай байгуулсан цөмийн гэрээг хамгаалан үлдэхийн тулд Европын орнууд тус улстай явуулж буй хамтын ажиллагаа хадгалж үлдэхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэж амлаад байгаа билээ. Гэвч Европын томоохон компаниуд тэр дундаа Германы автомашины үйлдвэрлэгч “Daimler” компани АНУ-ын хориг арга хэмжээ авна гэсэн сүрдүүлгийн улмаас Ирантай бизнесийн харилцаагаа тасалсан байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ