БСШУС-ын сайд СХД-ийн сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй танилцав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-08-09 15:22:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын  сайдын баталсан удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнтэй танилцах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд найман ажлын хэсэг өчигдрөөс эхлэн дүүргүүдийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж буй юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Эмээлт, 61-ийн гарам болон Жаргалант тосгон зэрэг алслагдсан хороо, тосгоны сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсан бол өнөөдөр үдээс өмнө тус дүүргийн 210, 228 дугаар цэцэрлэг, 12, 62 дугаар сургуулиудад ажиллалаа.
Тус дүүргийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нар сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа талаараа танилцуулав. Тухайлбал, цэцэрлэгүүд үндсэн сургалтаас гадна гэр бүлэг байгуулан ажилладаг байна. Энэ мэтээр хувилбар сургалт явуулж, сургуулийн өмнөх боловсролын хамрах хүрээг нэмэгдүүлэх боломжийг ашиглаж  идэвх, санаачилгатай ажиллаж байгааг салбарын сайд сайшаасан юм.
Сургууль, цэцэрлэгүүдийн хувьд өвөлжилт болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлаа чанартай хийж гүйцэтгэх, хөрөнгө оруулалтын ажлын чанарт хяналт тавьж, сурах орчны стандартыг чанд мөрдүүлэн ажиллах нь чухал гэдгийг БСШУС-ын сайд мөн онцолж байв.



Тус дүүргийн хувьд нийт 47 цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа юм. Цэцэрлэгүүдийн хувьд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц хангалттай сайн байгаа аж. Мөн шинээр баригдсан цэцэрлэг, сургуулийн барилга, өргөтгөл зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, чанар сайн гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийнхэн хэлж байв.
Үүний зэрэгцээ зарим боловсролын байгууллагад хийсэн бүтээн байгуулалтын ажлын чанар дутагдалтай, стандарт хангаагүй байгааг ч тухайн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт анхааруулж, зөрчлийг арилгах чиглэл өгөв. Тухайлбал, 2017 онд ашиглалтад орсон СХД-ийн 244 дүгээр цэцэрлэгийн барилгын дээврээс ус гоожиж байгаа нь барилгын чанар хангалтгүй, холбогдох стандартыг мөрдөөгүйтэй холбоотой аж. Энэ жил ашиглалтад орж буй 228 дугаар цэцэрлэгийн хувьд мөн л борооны ус зайлуулах суваггүй, хүүхдийн гар угаах угаалтуур сургалтын орчны стандарт хангахааргүй хэт жижиг байгаа зэрэг дутагдал илэрчээ. Эдгээр зөрчил, дутагдлыг яаралтай арилгах, гүйцэтгэгч байгууллагуудтай хамтарч ажиллаж, стандартыг хангуулах чиглэлийг ажлын хэсгээс өглөө. 
Сургууль, цэцэрлэгийг өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнтэй танилцах ажлын хэсэг энэ долоо хоногийг дуустал ажиллаж дүнгээ гаргах юм. 
Дашрамд мэдээлэхэд, өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь 81.5 хувьтай байсан бол энэ жил 82 хувьд хүргэхээр зорьж байна. БСШУСЯ-наас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 2-5 насны 312611 хүүхэд байгаа бөгөөд үүний 82 хувь буюу 256 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах юм байна. Үндсэн сургалтын зэрэгцээ хүүхэд харах үйлчилгээ, хувилбарт сургалт, гэр сургалт зэрэг бүхий л боломжийг ашиглан хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар зорьж байгаа юм. Түүнчлэн 2018-2019 оны хичээлийн жилд 70 орчим мянган сурагч нэгдүгээр ангид элсэн суралцах аж.
 

Холбоотой мэдээ