top banner

“Хубилай Хаан, Марко Поло” гольфийн нөхөрсөг тэмцээн болов


2018-08-09 16:31:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Итали улс дахь Монгол Улсын ЭСЯ-наас санаачлан зохион байгуулдаг Монгол, Италийн гольфчдийн нөхөрсөг тэмцээн хоёр дахь жилдээ Улаанбаатарт хотноо Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Riverside golf” клубын талбайд боллоо. 

Хоёр орны хоорондын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг өргөжүүлэх зорилготой нөхөрсөг тэмцээнийг энэ удаад “Хубилай Хаан, Марко Поло” нэрийн дор зохион байгуулав. Тэмцээнд Монгол, Италийн бизнес эрхлэгчдийн оролцоо нэмэгдэж байгаа нь хоёр орны бизнес, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж талууд үзэж байна. 

Монгол Улсаас Итали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж “XIII зуунд Монголын эзэнт гүрний их хаан Хубилайг хаанаар өргөмжлөгдөж байхад Италийн буюу Европын хамгийн анхны аялагч Марко Поло Монголд ирж 20 гаруй жил зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс энэхүү Монгол, Италийн түүхэн харилцаа, холбоог сэргээж дурсах зорилгоор тэмцээнээ ийнхүү нэрлэсэн” гэв.



Тус тэмцээнийг өнгөрсөн онд Италийн нийслэл Ром хотын “Марко Симоне” гольфийн талбайд “Марко Поло Цом 2017” нэртэйгээр Монгол Улсын ЭСЯ санаачлан анх удаа амжилттай зохион байгуулсан юм. Тус тэмцээнд Монголын гольфийн улсын “анхны” аварга Б.Нэмэхбаатар, 2017 оны улсын “хэндикапын” аварга Б.Мөнхжаргал нарын 7 тамирчин, Ромын “ДИГА” Diplomatic and International Golf Association (DIGA) болон “Марко Симоне” гольфийн клубын гишүүд болох 60 орчим гольфчид оролцож байжээ.
Ж.Болор


Монгол брэнд