Худалдаа үйлчилгээний талбайд цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-08-09 17:20:08
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар батлагдсан шинэчлэгдсэн дүрмээр  хэд, хэдэн чухал заалтыг тусгажээ.

Тодруулбал явган зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах заалтаар явган зорчигч нь зорчих хэсгээр явж байхдаа:
  • Утсаар ярих,
  • Гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх,
  • Зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх,
  • Ном, сонин гэх мэт зүйл унших”,
  • Зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглосон байна.
  • Хороолол дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг жолоочид хориглолоо.
  • . Жолооч явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээнэ.

Хүүхдийг зам, тээврийн ослоос хамгаалах:

  •  "Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" таних тэмдэг бүхий автобусаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асааж байх, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож урьдчилан өнгөрүүлэхээр болжээ.
  • Замын хөдөлгөөнд жагсаалаар оролцож яваа хүүхдийн тоо дөчөөс олон бол жагсаалын зөвхөн урд болон ардаас гадна дунд хэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явна.
  • Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлага нэмжээ.
  •  Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ.
  •  10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана”.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлөөр хангах:

  •  Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байх шаардлагыг тусгажээ.
  • Явган зорчигчийн гэрлэн дохио харааны бэрхшээлтэй хүмүүст явган хүний гарцын байршлыг мэдэгдэх нэмэгдэл дуут дохиотой байж болно.
  •  «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл нь замын хориглох тэмдгүүдийн 2.2 «Хөдөлгөөн хориотой», 2.3 «Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой», 2.28 «Удаан зогсох хориотой» тэмдгүүдийн үйлчлэлд хамаарахгүй.
  • «Сонсголын бэрхшээлтэй жолооч»-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээг зурна” гэж өөрчилхөөр болов.
  • Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ 

Тээврийн хэрэгслийн хурдын хязгаар:

  •  Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа үйлчилгээний талбайд цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглов.
  • “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглолоо. Зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэж заажээ.
  • “Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх”, “зам тээврийн осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай саатаж зогссон (зайлшгүй зогсолт хийсэн) жолоочийн дохиогоор зогсож, бололцоотой тусламж үзүүлэх” гэсэн заалтыг нийт жолоочид үүрэг болголоо.
  • Мопедын жолоочид хамгаалах малгай өмсөх, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг үүрэг болгов.

Түгжрэлийг бууруулахад:

  •  Суудлын таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрчээ.
  •  Зарим уулзаврт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болов.
  • Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.
  •  Нийтийн тээврийн автобус, троллейбусууд буудлын талбай руугаа бүрэн гүйцэд орж зогсож байхыг үүрэг болгов.
  • Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглолоо.Замын хөдөлгөөний дүрмийн төслийн шинэчилсэн найруулгаар хэрэгжүүлэхэд Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардлагагүй юм байна.
Холбоотой мэдээ