Нөхөн сонгуульд оролцохоор хүсэлтээ өгсөн 14 намаас 13-ыг нь бүртгэлээ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2018-08-09 17:40:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ ирүүлсэн 14 намыг бүртгэх асуудлыг СЕХ-ны наймдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргасныг танилцуулаад байна.
 
Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн намуудыг СЕХ-нд баримт бичгээ ирүүлсэн дарааллыг баримтлан танилцуулвал:
 
1. Монгол Ардын Хувьсгалт Нам                  
2. Хөдөлмөрийн Үндэсний Нам
3. Ардчилсан Нам
4. Дэлхийн Монголчууд Нам
5. Үнэн Ба Зөв Нам
6. Монгол Ардын Нам                                    
7. Монголын Ногоон Нам
8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
9. Монгол Үндэсний Ардчилсан Нам
10. Зон Олны Нам
11. Монгол Консерватив Нам
12. Ард Түмнээ Хайрлая Нам
13. Бүгд Найрамдах Нам.
 
Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчин ИЗНН нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийг үндэслэн тус намыг УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэрийг СЕХ-ноос гаргалаа.
Нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэгдсэн намуудад Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5 дахь хэсгийг үндэслэн батламж гардуулах юм.
 
 
Холбоотой мэдээ