Баян-Өлгийд гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтэд тулгуурласан ажил хангалтгүй байна гэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-09 23:02:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Саяхан болсон үерийн гамшгийн үеэр олон улсын байгууллагууд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиглалт хийж, олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах ажил хангалтгүй байна гэж дүгнэжээ.

Энэ талаар Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа өнөөдөр болсон аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үер мэдээллээ.

Түүний тайлбарласнаар үерийн гамшгийн үеэр онцгой байдлын газар, цагдаа, хилийн цэрэг, зэвсэгт хүчин зэрэг байгууллагууд  ард иргэд болон тэдний эд хөрөнгийг аврах, нүүлгэн шилжүүлэх, шуудуу татах, далан босгох, үерийн усаар урсаж ирсэн лааг, шаврыг цэвэрлэх зэрэг ажлуудад хамаг бололцоогоо дайчлан оролцож байхад үерт автсан айлуудын хөдөлмөрийн чадвартай иргэд түр амрах байрнаас гарч ирж ажиллаагүй, олон нийтийг гэгээрүүлэх ажил тус аймагт хангалтгүй байгаа зэрэг нь дээрх дүгнэлтэд хүрэхэд нөлөөлжээ.

Түүнчлэн 2015-2018 онд Улаан Загалмайн Нийгэмлэгийн шугамаар Баян-Өлгий аймагт нэг тэрбум орчим төгрөгтэй тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн ч төр засгийн зүгээс тус байгууллагыг дэмждэггүй, дунд шатны хорооны хүчин чадал муу гэж үнэлжээ.   

Тийм учраас иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнээс салгахад чиглэсэн соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад тэдний оролцоог хангах, Улаан загалмайн дунд шатны хорооны үйл ажиллагааг дэмжихийг аймгийн удирдлагад зөвлөлөө.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ