top banner

Технологи хулгайлж байгаа нь сэтгэл түгшээж байна гэж мэдэгджээ


2018-08-10 08:19:30
Зураг
ВАШИНГТОН. /ТАСС/. Америкт суралцаж байгаа бөгөөд технологи, үнэт мэдээллийг өөрийн болгож авах боломжтой Хятадын зарим оюутан АНУ-ын эрх баригчдын сэтгэлийг түгшээж байна гэж тус улсын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт тогтмол хийдэг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
 
“Хятадтай тогтоосон хэлхээ холбооны хүрээнд тус улсын олон оюутан АНУ-д боловсрол эзэмшдэг. Тэдний зарим нь манай технологи болон мэдээллийг АНУ-ын засгийн газрын сэтгэлийг түгшээж буй шалтгаанаар өөрийн болгож, эх орон руугаа авч одох зорилгоор Америкт ирдэг байж магадгүй гэсэн болгоомжлол байдаг” гэж Хезер Науэрт Америкт боловсрол эзэмшиж буй хятад оюутнуудын олонхи нь тагнуулчид хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн тухай өгүүлсэн нийтлэл Politico сонинд гарсныг тайлбарлана уу гэсэн хүсэлтэд хариулахдаа тэмдэглэжээ. Гэхдээ тэрбээр уг нийтлэлийг уншаагүй гэж хэлсэн байна.
 
Хятад улс Америкийн оюуны өмч болон технологийг хулгайлж байгаа хийгээд хоёр талын худалдаанд шударга бус арга хэрэглэдэг тул Хятадаас импортолж буй 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25%-ийн гаалийн татвар ногдуулдаг болох тухай Трамп энэ зургадугаар сарын 15-нд зарласан билээ. Хятадын эрх баригчид үүний хариуд Америкаас импортолж буй бараанд адил хэмжээний татвар ногдуулахаар болсон юм.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд