top banner

Малын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж байна


2018-08-10 10:00:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 8.3 сая малыг дахин давтагдахгүй хувийн дугаар бүхий ээмгээр ээмэгжүүлж, 2.8 сая малын мэдээллийг үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгээд байна.
Манай улс баталгаажсан үүлдэр, омгийн цөм сүргийн 3.1 сая толгой малтай байгаагаас Сэлэнгэ аймагт “Орхон” үүлдрийн нарийвтар ноост, “Хангай” үүлдрийн нарийн ноост, “Ерөө” үүлдрийн мах-ноосны нарийвтар ноост, Өвөрхангай аймагт “Баянгол” омгийн мах-өөхний бүдүүн ноост, Төв аймагт “Жаргалант” үржлийн хэсгийн нарийвтар ноост, “Алтанбулаг” үүлдрийн хэсгийн мах-өөх бүдүүвтэр ноост, Өнжүүл үржлийн хэсгийн ноосны чиглэлийн мал үржүүлж байна.
ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, “Малын үржил, бүртгэлийн салбарын тухайд Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, сурталчлан таниулах, үржилд ашиглаж буй хуц, ухныг мэргэжлийн байгууллагын мэдэлд шилжүүлж, гойд ашиг шимт, шилмэл малыг баталгаажуулах, Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн систем бий болгох зэрэг тодорхой зорилтыг дэвшүүлэн тавиад байна. Хуулийг орон нутагт сурталчлах ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий 6 мянга гаруй хүнийг сургалтад хамруулж, малчид, мэргэжлийн байгууллага, судлаачдад зориулсан хялбаршуулсан гарын авлага, хуулийн эмхтгэлийг хэвлүүлэн, орон нутагт хүргүүлээд байна. Мөн 2 бүлэг 30 заалт бүхий Мал үржүүлэг, технологийн ажлын календарчилсан төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжилтийг бүх шатанд хангуулан ажиллаж байна” гэлээ.
Улсын хэмжээнд 8.3 сая малыг дахин давтагдахгүй хувийн дугаар бүхий ээмгээр ээмэгжүүлж, 2.8 сая малын мэдээллийг үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ. Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн систем, muz.gov.mn хаяг бүхий цахим хуудсыг ажиллуулж байна. Цаашид дээрх нэгдсэн санг хөгжүүлж, ялган тэмдэглэх хэрэгслийн ашиглалтыг сайжруулан, удам зүйн үнэлгээний программыг орон нутагт хүлээлгэн өгч, төвийн бүсийн үхэр сүргийг ялган тэмдэглэж, нэгдсэн санд бүртгэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.
Б.Болд
 
 

Монгол брэнд