top banner

МУЗН үерт өртсөн өрхөд 115 сая төгрөгийн тусламж үзүүлэв


2018-08-10 10:36:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улаан Загалмайн нийгэмлэг /МУЗН/-ийн мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж, Ховд аймгийн Жаргалант сумын 176 өрх, Мянгад сумын 4 өрх, Чандмань сумын 7 өрх нийт 187 өрхөд 240.300 төгрөг буюу нийт 45 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж олгожээ.

Өнгөрсөн сарын эхээр Ховд аймагт их хэмжээний аадар бороо орсны улмаас Жаргалант сумын ихэнх багуудын айл, өрхүүд үерт автсан. Тухайн үед мэргэжлийн байгууллага, ажлын хэсгийнхэн 600 гаруй айл, өрх үерийн гамшигт нэрвэгдэж тодорхой хэмжээний хохирол учирсан гэсэн судалгааг урьдчилсан байдлаар гаргажээ.
Харин аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу МУЗН-ээс бэлэн мөнгөний тусламжинд хамрагдсан иргэдэд гал тогооны ком, хөнжил, гудас, усны сав зэрэг эрүүл ахуйн багцын тусламж буюу нийт 70 сая төгрөгийн бараа материалын тусламж үзүүлсэн байна.

Ингэснээр тус аймгийн Жаргалант сумын үерт өртсөн иргэдэд МУЗН-ээс 115 сая төгрөгийн тусламжийг олгоод байгаа аж.
Ж.Болор

Монгол брэнд