top banner

Хэт удаан унтах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг Их Британийн эрдэмтэд тогтоожээ


2018-08-10 11:33:52
Зураг
ЛОНДОН. /ТАСС/. Удаан хугацаагаар унтах нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг Их Британийн эрдэмтдийн судалгаа харуулж байна гэж "The Daily Telegraph" сонинд бичжээ.
 
Байнга нойр дутуу явах нь зүрх-судасны өвчин болон чихрийн шижин өвчин даамжрах эрсдэлийг нэмэгдүүлж, цусны даралт ихсэх, илүүдэл жинтэй болоход нөлөөлдөг гэж үздэг байсан билээ. Гэтэл Их Британийн Килийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаа дээрх дүгнэлтийг зарим талаар үгүйсгэж байна.
 
3 сая хүнийг оролцуулан хийсэн туршилтын дүнг үзвэл, хоногт дунджаар 10 цаг унтдаг хүмүүсийн хувьд хоногт 7 цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад илүү эрт нас барах тохиолдол 30 хувиар олон удаа гарч байжээ. Түүнээс гадна, хоногт 10 цаг унтах нь тархины цус харвалт болох магадлалыг 56 хувиар, зүрх-судасны өвчнөөр эрт нас барах эрсдэлийг 49 хувиар, зүрхний цусан хангамжийн дутагдлаар нас барах магадлалыг 44 хувиар нэмэгдүүлдэг байна.
 
Хэт удаан унтах нь хүний биед сөрөг нөлөөтэй гэдэг тал дээр хэд хэдэн шалтгааныг нэрлэдэг. Удаан хугацаагаар унтах нь серотонин, дофамин зэрэг химийн бодисуудыг ялгаруулах  хүний тархины чадварыг бууруулдаг ба ингэснээр сэтгэл гутралд хүргэх магадлалтай. Түүнээс гадна, удаан хугацаагаар хэвтэх нь булчинг сулруулж, нуруу, үе мөчөөр өвдөх шалтгаан болдог байна. Түүнчлэн биологийн хэмнэл өөрчлөгдсөнөөр бие организмын хэвийн үйл ажиллагаа саатдаг.
 
Гэхдээ удаан хугацаагаар унтах нь зарим тохиолдолд эмийн үйлчилгээтэй, бие махбодио сэргээх зорилготой байдгийг эрдэмтэд үгүйсгэсэнгүй. Судлаачдын үзэж байгаагаар, хоногт 7-8 цаг унтах нь хамгийн тохиромжтой бөгөөд 8 цагаас илүү хугацаагаар унтдаг эмчлүүлэгчдэд илүү анхаарал тавихыг эмч нарт зөвлөж байна.
 
 Э.Аянзаяа 


Монгол брэнд