Боловсролын салбарын дөрөв дэх мастер төлөвлөгөө 2020-2030 он хүртэл хэрэгжинэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-08-10 13:58:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан Монгол Улсын боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлаар Азийн хөгжлийн банкны “ТА-9376 Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийн үйл ажиллагааны явц, ажлын төлөвлөгөө, Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсгүүдийн удирдамжийг танилцуулав. Мөн өмнөх Боловсролын салбарын мастер төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн болон энэ удаагийн мастер төлөвлөгөөний бүтцийн урьдчилсан хувилбарын талаар танилцуулга хийж, ажлын хэсгийн гишүүд санал солилцлоо.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд МУИС-иас хэрэгжүүлсэн “XXI зууны суралцагчийн цогц чадамж” судалгааны үр дүнтэй танилцаж, уг судалгааг мастер төлөвлөгөө боловсруулах явцад хэрхэн тусгах талаар санал солилцов. 
Монгол Улс анх 1996 онд боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулан дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлсэн. Түүнээс хойш 2000-2005, 2006-2015 онд хоёр, гурав дахь мастер төлөвлөгөөг хэрэгжүүлсэн юм. Энэ удаагийн дөрөвдэх мастер төлөвлөгөөг гурван үе шаттай боловсруулан 2019 оны зургадугаар сард төслийг бэлэн болгож, эдийн засаг, санхүүгийн тооцоотой нь хамт хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна. 

Боловсролын салбарын дөрөв дэх мастер төлөвлөгөөг 2020-2030 он хүртэл дунд хугацаанд хэрэгжүүлэх юм. Уг мастер төлөвлөгөөнд, сургуулийн өмнөх боловсролын удирдлага, зохион байгуулалт, үнэлгээний тогтолцоо, стандартыг боловсронгуй болгох, хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх, багш нарын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, хөдөө орон нутгийн, ялангуяа малчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хөгжлийг дэмжих зэрэг шинэ, дээд эрэмбийн асуудлуудыг санал болгон, холбогдох судалгааг хийж байгаа аж. 

Харин ЕБС-ийн хувьд жинхэнэ монгол иргэнийг төлөвшүүлэх, дэлхийн монгол хүн бэлтгэх боломжийг эрэлхийлж, бодлого, стратеги, менежмент, зохион байгуулалт, сургуулийн байршил бүтэц, сургалтын агуулга, стандарт, багш нарын чадвар, санхүү, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л чиглэлд шинэлэг агуулгыг тусгах юм. 

Дээд боловсролын салбарт их сургууль, дээд сургууль, коллежийн ялгааг илүү тодотгож, энэ дагуу тухайн боловсролын байгууллагын төвлөрөн суурьших байршлыг тодорхойлох зэрэг алхмыг хийхээр урьдчилан төлөвлөжээ. Эдгээр чиглэлээр өргөн хүрээтэй судалгааны ажлыг Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсгүүд энэ он дуустал хийх юм.
 

Холбоотой мэдээ