top banner

Сургууль, цэцэрлэгийн барилгын тендерийг хавар зарлах хэрэгтэй гэв


2018-08-10 15:25:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Баянзүрх дүүргийн 11, 12, 13, 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн удирдлага, эцэг эхийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
 
Дээрх дөрвөн хорооны зургаан сургуульд нийт 10 мянга гаруй хүүхэд, найман цэцэрлэгт 3000 орчим хүүхэд суралцаж  байгаа аж. Шинэ хичээлийн жил эхлэхэд цөөн хоног үлдээд байхад зарим сургууль, цэцэрлэгийн барилгын ажил эхлээгүй, тендерийн сонгон шалгаруулалт бүрэн дуусаагүй зэрэг хүндрэлтэй асуудал тулгарч байгааг Ж.Батзандан гишүүн уулзалтын эхэнд онцоллоо. Мөн цаашид барилгын ажилтай холбоотой тендерийг жил бүрийн гурав, дөрөвдүгээр сард зарлан, хичээл завсарламагц барилгын ажлыг эхлүүлэхэд БСШУСЯ болон Худалдан авах газар анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн барилгын хөрөнгө оруулалт царцаад долоон жил болж байгаа, 53 дугаар сургуулийн өргөтгөл барих талбайд ургасан 60 гаруй модыг чөлөөлөх ажлыг хариуцаж хийх байгууллага олдохгүй байгаа зэрэг олон асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгааг дурьдлаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн 40 дүгээр яслийн багш И.Батцэцэг, "Манай яслийн байр БСШУЯ-нд харъяалагддаг бол үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн яаманд хамаардаг. Тус яслийн барилгыг буулга гэдэг дүгнэлтийг МХЕГ 2010 оноос хойш гурван удаа гаргасан. Гэвч хоёр салбарын дунд хаягдсан байдалтай олон жил явлаа. Энэ байдал үргэлжилбэл цаашид яслид суралцаж байгаа хүүхдүүдэд эрсдэл учрах магадлалтай" гэлээ. Мөн тусгай хэрэгцээт 55 дугаар сургуулийн багш нарыг хэлний бэлтгэлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тус сургуулийн захирал Ч.Ганбилэг хүсэв.
 
Харин эцэг эхчүүдийн зүгээс цэцэрлэгүүдийг камержуулах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа.

Ч.Ариунболд


Монгол брэнд